Малчдын өвөлжөөг үл хөдлөх хөрөнгөд тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-24 15:07:03

Шийдлийн Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцож, салбарынхаа бүтээн байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Тэрээр сайдын ажлыг авсанаасаа хойш салбарын хууль  эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, хот байгуулалт, инженерийн шугам сүлжээг шинэчлэн сайжруулах, барилгын материал үйлдвэрлэлийн орчин, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн харилцааг сайжруулах чиглэлээр түлхүү ажилласан гэв. Үүний үр дүнд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, холбогдох зарим хуулийн журамд өөрчлөлт оруулжээ. Мөн Газрын тухай багц хууль, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх, Авто зогсоолын тухай хуулиудыг боловсруулж байгаа аж.

Орон сууцны 10 хувийн урьдчилгаатай найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож эхлэх нөхцөл бүрдсэн тухай таатай мэдээлэл иргэдэд хүрсэн. Тодруулбал Засгийн газраас холбогдох журмыг шинэчлэн баталснаар Барилга, хот байгуулалтын яам, Голомт банктай хамтран 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл олгох боломж бүрдсэн. Иргэд тухайн худалдаж авах орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг банкинд байршуулснаар зээл авах боломжтой болно гэсэн үг. Өмнө нь иргэдээс банк 30 хувийн урьдчилгаа шаарддаг, энэ нь иргэдэд багагүй дарамт болж, зээл авч чадахгүйд хүрдэг байсан бол 10 хувийн урьдчилгаатай болсоноор илүү олон өрх орон сууцанд орох боломж нээгдэх юм. Ингэхдээ иргэд урьдчилгааны 10 хувийг өгч, Засгийн газар 20 хувьд нь баталгаа гаргана.

Гэвч барилгын салбарын хөдөлгөгч хүч болж байсан найман хувийн хүүтэй ипотекийн зээл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс шалтгаалан зогсоод байгаа нь гол асуудал болоод байна. Салбарын сайдын зүгээс үүнд “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлсэнээс шалтгаалж найман хувийн хүүтэй зээл зогссон. Одоо Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж байна. Иргэддээ ийм том боломжийг нээсэн, цаашлаад барилгын салбараа дэмжиж хөдөлгөж байсан энэ зүйл цаашид үргэлжилнэ гэж бид итгэж байгаа. Эрх баригчид болон бусад албан тушаалтнууд ч энэ үр өгөөжтэй зүйлийг хаахыг хүсэхгүй байгаа байх. Хэрэв энэ асуудал нааштай шийдэгдэж, найман хувийн хүүтэй зээл дахин үргэлжилж эхэлбэл 10 хувийн урьдчилгааны журам шууд хэрэгжинэ. Бүх бэлтгэл хангадсан. Одоо Цэцийн шийдвэрийг л хүлээж байна” гэв.

Улсын хэмжээнд 2015 оны эхний гуравдугаар улирлын байдлаар 17220 айлын орон сууц ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар нийслэлд орон сууцны 264 төслийн 20444, аймаг орон нутагт 184 төслийн 8884 айлын орон сууц барьж байна. Тэгэхээр орон сууцны нийлүүлэлт хангалттай, банк зээлээ өгөөд эхэлбэл олон олон иргэд хамрах боломж бүрэн нээгдэх юм.

Үүнээс гадна З.Баянсэлэнгэ сайд газрын харилцааг сайжруулж, үл хөдлөх хөрөнгө болгох, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхааран ажиллаж байгааг уулзалтын үеэр тодотгож байв. Үүний нэг нь малчдын өвөлжөөний газрыг үл хөдлөх хөрөнгөд тооцон, кадастржуулан баталгаажуулж, хаяг дугаар олгох ажлыг эхлүүлээд байгаа аж. Ингэснээр 144 мянга орчим малчид өвөлжөө болон түүний ойр орчмын эзэмшил газрыг өмч болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм байна. Малчдын хувьд нүүдлийн аж ахуй эрхэлдэг учир үл хөдлөх хөрөнгө эзэмших боломж байдаггүй учир энэ ажил малчдад ихээхэн үр ашигтай байх аж.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ