Цахим баримт олгоогүй байгууллагыг орлогын хоёр хувиар торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-01 19:25:07

НӨАТ-ын буцаан олголт, урамшууллын үйл ажиллагаа өнөөдрөөс орон даяар эхэллээ. 

НӨАТ-ын хуулийн дагуу энэ оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн бараа, үйлчилгээ авахдаа төлдөг НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах систем хэрэгжиж байна. Уг системийг хэрэгжүүлэх төслийн багийнхны зүгээс бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууссан бөгөөд одоо аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахим баримтыг нэг бүрчлэн үйлчлүүлсэн иргэдэд олгохыг шаардах, шалгах ажил өрнөж байгаа юм. 
Өнөөдрийн байдлаар нийт 7000 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллага НӨАТ-ын буцаан олголт, сугалаа бүхий цахим баримтыг хэвлэн олгож эхлээд байна. Тухайлбал бүх шатахуун түгээх станцууд, томоохон супермаркетууд, KFC түргэн хоолны сүлжээ, найман нэрийн барааны дэлгүүрүүд, Некст элекрониксийн бүх салбарууд зэрэг аж ахуйн нэгжүүд цахим баримт олгож байна. 
Нийтдээ 27000 гаруй байгууллага цахим баримтыг хэвлэж өгөх үүргийг хуулиар хүлээж байгаа учир баримт өгөхгүй  байгууллагуудыг шалгаж, 10 хоногийн хугацаат үүрэг өгөх аж. Хэрэв сануулга авсан байгууллагууд 10 хоногийн дараа гэхэд цахимт баримт хэвлэж өгөх ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд орлогын 2 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох гэнэ. 
Харин иргэдийн зүгээс баримтаа шаардаж авах хуулиар олгогдсон эрхтэй учир дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ тухайн газрыг НӨАТ төлөгч мөн эсэхийг лавлаж, хэрэв мөн бол баримтаа нэхэх ёстойг сануулж байна. Таны аваагүй орхисон баримт бүр таны буцаан авах мөнгө, үүгээр зогсохгүй 100 сая төгрөгийн хонжвортой сугалаа ч байх эрсдэлтэй тул заавал шаардаж аваарай. Хэрэв танд баримт олгохгүй бол 1800-1288 дугаарт залган мэдэгдэр боломжтой. 
Харин нэгэнт цахим баримтаа авсан бол www.ebarimt.mn цахимс сайтад бүртгүүлэн сугалааны эрхээ авахыг сануулж байна. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ