ЭМД-ын шимтгэлийг сард 1920-3840 төгрөг болгож өсгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-05 16:19:21

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 670 төгрөг байсныг 1920-3840 төгрөг болгож өсгөн  тогтоолоо. 

Засгийн газрын энэ оны анхны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолд нийцүүлэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоолоо. Ингэхдээ улсын төсвөөс болон иргэд өөрсдөө төлөх шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөс 3840 төгрөг болгож өсгөн тогтоожээ.

Ингэснээр 0-18 насны хүүхэд, тэтгэврийн ахмадууд, хүүхдээ 2 /ихэр бол 3/ нас хүртэл нь өсгөн бойжуулж буй эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй буюу сард 3840, жилд 46080 төгрөгөөр тооцон улсын төсвөөс төлөх юм.

Харин их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудын шимтгэлийг төр хариуцдаг байсныг зогсоов. Ингэснээр их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн оюутан, суралцагчид сард 1920, жилд 23040 төгрөгийг өөрсдөө төлж байхаар боллоо.

Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрсдөө хариуцан төлдөг тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, малчдын төлөх шимтгэлийг мөн нэмж, сард 3840, жилд 46080 төгрөг байхаар тогтоов. Ял эдэлж буй хоригдлууд мөн энэ хэмжээг баримтлах ч шимтгэлийг нь Хорих байгууллага хариуцан төлөх юм. Тэгвэл гадаадын иргэн, харъяалалгүй иргэд шимтгэлээ сайн дураар бус заавал төлж байхаар хуульчилжээ.

Харин аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан 2 хувь байхаар хуучин хэвээр нь тогтоожээ.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмсэнээр Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх орлого 2016 онд 308,3 тэрбум төгрөг буюу өнгөрөгч оныхоос 57,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцжээ. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ