Арбитрын тухай хуулийг шинэчилбэл хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-07 14:24:34

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. Монгол Улсад арбитртай холбоотой харилцааг зохицуулсан БНМАУ-ын Арбитрын байгууллагын тухай, Гадаад худалдааны арбитрын тухай зэрэг хуулиуд үйлчилж байсан бөгөөд 2003 оноос НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэн Арбитрын тухай хуулийг баталж байсан юм. Гэвч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байдаг аж. Тиймээс 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуульд үндэслэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг хадгалан, Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга баталснаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болж, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой гэж тооцоолжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой аж. Түүнчлэн, арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулах юм.

Хууль зүйн байнгын хорооны зүгээс уг хуулийг батлахтай зэрэгцэн өндөр түвшний арбитрчдийг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг гадаадын арбитрын байгууллагад бус дотоодын арбитраар шийдэгддэг байх боломжийг бүрдүүлэхэд анхаарах ёстой гэсэн саналыг гаргасан, хэлэлцэхийг дэмжсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн гишүүдийн олонх уг хуулийн төслүүдийг цаашид хэлэлцэх нь зөв гэж шийдвэрлэлээ. Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарласан юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ