Улбар металлын үнэ уруудсаар

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-01-08 15:28:14

Хамгийн сүүлийн мэдээ буюу 1 дүгээр сарын 8-ны өдрийн арилжаагаар Чикагогийн бирж дээр зэсийн үнэ сүүлийн 6 жилийн хугацаанд анх удаагаа фунт нь 2 доллароос доошилж, тонн нь 4400 доллар болж унасан байна. Үүнтэй холбогдуулан Freeport-McMoRan зэрэг томоохон олборлогч компаниуд үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулж эхэллээ.

2015 оны дүнгээр, зэсийн үнэ гурван жил дараалан буурч байгаа юм. 2011 онд 1 тонн нь 10 мянган долларыг шүргэж, үнэ оргил цэгтээ тулсны дараачаас олборлолт эрс нэмэгдэн, хэт үйлдвэрлэл бий болжээ.

Гэтэл одоо нөхцөл байдал орвонгоороо эргэж, зөвхөн өнгөрсөн 2015 оны хугацаанд зэсийн үнэ бараг 30 хувиар унаад байна. Үүнийг 1. Дэлхий дээр олборлож буй нийт зэсийн 45 хувийг хэрэглэдэг Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширсан 2. АНУ-ын Холбооны Нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлснээс үүдэн америк долларын ханш чангарсан гэх хоёр гол шалтгаанаар тайлбарлаж байна.

Түүнээс гадна, зэс үнэгүйдсээр байгаа нь уг металлыг олборлох зардал буурч байгаа, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ хямдарч байгаатай шууд холбоотой юм.

Гэхдээ хамгийн гол нь, Хятад улс металлургийн салбар дахь хөрөнгө оруулалтад түшиглэсэн эдийн засгийн өсөлтийн загвараасаа татгалзсанаар дотоодод эрэлт буурсан нь хүчтэй нөлөөлж байна. Хятадад орон сууцны зах зээл хэт ханасан, компаниуд хэтэрхий их өрийн дарамтад ороод байгаа зэрэг нь металлын эрэлтийг эрс бууруулж байгаа юм.

Зэсийн худалдаачид ирээдүйд эрэлт ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-г маш анхааралтай ажигладаг. Хөрөнгө оруулагчид Зул сарын баяраар нэлээд удаан амарсныхаа дараа зах зээл дээр орж ирэх тэр үед Хятадын биржүүдэд доргилт үүссэнээр зэсийн үнэ дахиад 3 хувиар уналаа. Ихэнх хөрөнгө оруулагчдын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ашиг багатай ажилласан учир зах зээл богино хугацаанд эргээд сэргэнэ гэдэгт итгэхгүй байна.

Энэ онд Хятадын хамгийн том зэс үйлдвэрлэгчид болох Jiangxi Copper Company Ltd, Tongling Nonferrous Metals Group зэрэг компаниуд үйлдвэрлэлээ 200 мянган тонноор бууруулахаар төлөвлөжээ. Компаниудын удирдлагууд саяхан Шанхайд уулзахдаа ийм шийдвэр гаргасан бөгөөд сүүлийн 6 жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүртэл унасан зэсийн зах зээлийг тогтворжуулахын тулд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах талаар хэлэлцлээ.

Америкийн Голдман Сакс банкны хийсэн дүгнэлтээр бол, Хятадад эрэлт буурснаар зэсийн үнэ оны эцэст 4500 доллар хавьцаа байх төлөв харагдаж байна.

Зэс боловсруулах үйлдвэрүүдэд хуримтлагдаад буй илүүдэл нөөцийн хэмжээ энэ онд 221 мянган тоннд хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн онд энэ хэмжээ 59 мянган тонн байсан аж.

Голдман Сакс-ын шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн зах зээл дээрх зэсийн илүүдлийн хэмжээ 2016 онд 530 мянган тонн, 2017 онд 566 мянган тонн, 2018 онд 626 мянган тонн, 2019 онд 657 мянган тонн болж өсөх ажээ.

Зэсийн үнэ буурна гэсэн дохиог өгч байгаа хүчин зүйлүүдийн нэг бол Бразил, Чили, ОХУ, Замби, Конго, Монгол, Перу, Индонез зэрэг улсад нүсэр том /мега/ төслүүд зэс олборлолтын салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа явдал. 2013-2015 оны хугацаанд дэлхийн олон бүс нутагт зэс хайлуулах нэлээд тооны үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна.

Түүнээс гадна, зөвхөн Орост гэхэд 26 сая тоннын нөөцтэй Удоканы ордыг нэг жилээс нэг жил хагасын дараа ашиглаж эхлэх гэж байна. Манай Оюутолгойн хувьд 35 сая тоннын нөөцтэй бөгөөд дэлхийд эхний тавд орохоор том орд билээ.

Дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлт тасралтгүй нэмэгдсээр байгаа учраас илүүдэл нөөцийн хэмжээ 2016 он гэхэд оргил үедээ хүрэхээр байдал ажиглагдаж байна. Ялангуяа Перугийн уурхайнуудаас 400 мянган тонн, Африкийн уурхайнуудаас 500 мянган тонн зэс зах зээлд цутгаснаар нөөц ийнхүү дээд хэмжээндээ тулж хуримтлагдах юм. 

Байдал нэлээд хүндэрсний өөр нэгэн жишээ гэвэл, зэсийн зах зээл дээр ажиллаад гаршсан дамчид үнэ 7300 доллароос доош орсон тохиолдолд худалдан авалтаа идэвхжүүлэн үнийг барьдаг байсан бол энэ жил ямар ч “реакци” үзүүлсэнгүй. 

Гэсэн хэдий ч өөдрөг таамаглал дэвшүүлж буй шинжээчид бас бий. Одоогийн байдлаар, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсөн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг зовоож байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ иймэрхүү болгоомжлол нь бодит байдлыг арай л дэгсдүүлэн үнэлсэн хэрэг мөн гэж Лондоны Capital Economics гэдэг судалгааны компани үзэж байна. Тус компанийн шинжээчдийн хувьд зэсийн үнийг оны эцэст 6000 долларт хүрнэ хэмээн төсөөлж байгаа аж. Учир нь, Ази тивд бодит эрэлт хэвийн өсөлттэй хэвээр байгаа бөгөөд харин ч өнөөдрийн үнийн түвшинд уул уурхайн олон төслүүд зардлаа нөхөх боломжгүй болж байгаа учир нийлүүлэлт аяндаа буурах нь тодорхой, ингэснээр үнэ өсөх нь гарцаагүй.

Гэхдээ хамгийн гол нь үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ хэдий хэмжээгээр бууруулах вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Одоохондоо тэд зах зээлд эзлэх байр сууриа алдахыг хүсэхгүй байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ