Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзанданг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-14 10:20:35

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд товын дагуу байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Өргөдлийн байнгын хорооны одоогийн даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажиллаж байгаа ба тус албан тушаалд УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлээд буй.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Өргөдлийн байнгын хорооны эрх үүргийг илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн бодолтой байгаагаа хэлээд Ж.Батзандан гишүүнийг төрийн байр суурийг хадгалж ажиллахыг захьлаа.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, "2012 оны сонгуулийн үр дүнд энэ байнгын хороог байгуулж, сонгогчдынхоо үгийг сонсохоор болсон юм. УИХ-ын бүтэц өөрийн чиг үүргийн дагуу ажиллавал оновчтой бүтэц. Гэхдээ бусад байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг Өргөдлийн байнгын хороо хэлэлцэж байсан удаатай. Иймээс тус байнгын хороо хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр бодолцох асуудал бий" гэсэн юм.

Нэр дэвшигч Ж.Батзандан дээрх гишүүдийн захиасын дараа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад 93.2 хувийн саналаар асуудлыг дэмжлээ. Үүгээр тус байнгын хорооны даргын албан тушаалаас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг чөлөөлөв.

Б.Туул

Холбоотой мэдээ