Террористуудад эзлэгдсэн зочид буудлаас 63 хүнийг барьцаанаас суллав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-16 13:14:01

РАБАТ. /TASS/. Буркино-Фасо улсын нийслэл хотод террористууд эзлэн авсан зочид буудлаас наад зах нь 63 хүнийг барьцаанаас сулласан тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.

Уагадугу хотын төвд оршдог “Splendid” зочид буудал руу дайралт хийх явцдаа хүчнийхэн 33 хүнийг сулласан тухай урьд нь мэдээлсэн байна. Сулласан хүмүүсийн дотор Буркино-Фасогийн Засгийн газрын сайд нарын нэг байгаа тухай тус улсын Харилцаа холбооны сайд Реми Фюлганс Данжин Ройтерс агентлагт мэдээлжээ.

Террористууд баасан гарагийн орой эзлэн авсан зочид буудлыг чөлөөлөх ажиллагааг хүчнийхэн эхлүүлсэн тухай урьд нь мэдээлсэн билээ. Ирж буй мэдээллээс үзвэл, Буркино-Фасогийн хууль сахиулагчдад АНУ, Францын мэргэжилтнүүд дэмжлэг үзүүлж байна. "Associated Press" агентлагийн мэдээлснээр, хүчнийхэн дайралтаа эхлүүлмэгцээ тэсрэх бодис хэрэглэсний улмаас зочид буудлын нэгдүгээр давхарт гал гарчээ. Баасан гарагийн орой зэвсэглэсэн этгээдүүд Уагадугу хотын төвд оршдог “Splendid” зочид буудалд халдаж, хүмүүсийг барьцаалсан юм. Хотын цагдаагийн газраас мэдээлснээр, халдлага болох үед зочид буудлын орчимд хэд хэдэн дэлбэрэлт, буудалцаан болсон байна. Халдлагын хариуцлагыг “Лалын шашинт Магрибын орнууд дахь Аль-Каида” байгууллага хүлээсэн гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ