Дархан-Уул аймаг энэ жил 67.7 мянган тонн хадлан бэлтгэнэ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:09:07

 Дархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын мэдээгээр тус аймаг 2015-2016 онд мал, сүргийг өвөлжүүлж хаваржуулахад шаардагдах тэжээлийн хэрэгцээг тооцож бэлтгэх даалгаврыг сумдад хүргүүлжээ. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 704,1 мянган тоо толгой мал өвөлжиж хаваржихад шаардагдах 67,7 мянган тн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын 292 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 32 тн өвс, 10 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээс аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд аймгийн Засаг даргын нөөц сангаас 18,5 сая төгрөгийг шийдвэрлэж өгчээ. Энэхүү эх үүсвэрээр нэг боодол өвсийг 4500 төгрөгөөр буюу нийт 5000 боодол өвсийг ирэх сарын нэгэн хүртэл бэлтгэхээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумтай гэрээ байгуулсан байна. Нийлүүлэх 1 боодол өвсний хэмжээ нь 20-22 кг жинтэй задраагүй стандартад нийцсэн, шимт чанар сайтай, чанарын шаардлага хангасан ногоон өвс байхаар тусгасан байна. “Бид Өвөлжилтийн бэлтгэл хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байна. Хадлан тэжээл бэлтгэх техник тоног төхөөрөмжийн хангамжийн сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч  сумдыг өвс тэжээлийг аюулгүйн нөөцөд бүрдүүлэх ажлыг зохион байгуулж бэлчээрийн даац багтаамжаа тооцож отор хийх өрх, малын тоог нарийвчлан гаргаж аймаг дотроо болон өөр аймаг, сумдын нутагт оруулж өвөлжүүлэх чиглэлийг тогтоож холбогдох аймаг, сумын удирдлагуудтай отор нүүдлийн гэрээ хийх зэргээр ажиллаж байна” гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн н.Баасан ярилаа. 

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд