Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-22 12:43:11

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төсөлд ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулж мөнгөжүүлэх, нөгөөтэйгүүр тус санг түшиглэн ипотекийн зээлийг санхүүжүүлэх урт хугацаат найдвартай эх үүсвэрийг бий болгох асуудлыг тусгасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Батцогт, "Одоо байгаа тэтгэврийн даатгалын сан эрсдэлд орсон. Тэтгэврийн санг хэрхэн мөнгөжүүлэх вэ гэдэг асуудлыг зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш. Засгийн газар эртнээс ярьж байсан нь л асуудал. Ирээдүйн тэтгэврийн сан үүсгэе, үүний дараа сангийн хөрөнгийг ямар салбарт хөрөнгө оруулалт хийх вэ гэсэн асуудлыг ярьж байна. Одоогийн түвшинд сангийн хөрөнгийг ипотекийн зээл рүү оруулж болох юм гэсэн хариу гарч ирж байгаа юм. Улмаар эрсдэл багатай бусад салбарт сангийн хөрөнгийг оруулах боломжтой. Сангийн менежментийг эрсдэлгүй явуулахын тулд одоогоор Монголбанк ажил үйлчилгээг нь хариуцах нь зөв. Дараагийн шатанд мэргэшсэн баг ажиллуулахын тулд олон улсын туршлагыг судлах шаардлагатай" гэсэн тайлбарыг хийж байсан. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, "Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Харин хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарч ажилласан. Хууль батлагдсанаар Засгийн газар үнэт цаас гаргахгүй, төсөвт ачаалал үүсэхгүй" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж асуудлыг тодруулсаны дараа санал хураалт явуулахад олонх дэмжив. Ингэснээр тус хуулийг анхны хэлэлцүүлгээр нь УИХ баталлаа.

Б.Туул

Холбоотой мэдээ