Тамхидалтыг харуулсан киноны хэсгийг хүүхдүүдэд үзүүлэхгүй байхыг зөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-01 13:29:28

ЖЕНЕВ. /TASS/. Гол баатрууд нь тамхи татдаг үзэгдэлтэй кинонууд энэ хортой зуршилд залуусыг татагдан ороход нөлөөлдөг байна. Ийм дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Женев хотод даваа гарагт нийтэлсэн тайландаа хийсэн бөгөөд кино дэлгэцээр тамхийг сурталчилдаг зар сурталчилгаанаас хүүхэд, залуусыг хамгаалах алхам хийхийг Засгийн газруудад  уриалжээ.

“Тамхин бүтээгдэхүүнийг харуулсан кинонууд нь дэлхий даяар сая сая хүүхэд тамхи татаж эхлэхэд нөлөөлсөн” гэж тус байгууллагын судалгаанд онцлон тэмдэглэсэн байна.

“Кинонд тамхи татаж байгааг харуулах нь тамхин бүтээгдэхүүнийг сурталчлах хүчтэй хэлбэр байж болох юм” гэж ДЭМБ-ын халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын захирал Дуглас Беттче мэдэгджээ. Учир нь тамхины зар сурталчилгаанд илүү хатуу хязгаарлалт тавьдаг, харин “кино бол тамхи татах үзэгдлийг өсвөр насны сая сая хүүхдэд үзүүлж буй сүүлийн сувгуудын нэг хэвээр байна” гэж тэрбээр онцлон хэлсэн байна. ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид тус байгууллагын гишүүн 180 оронд “тамхийг сурталчлах, дэмжих, ивээн тэтгэхийг хориглосон” байдгийг тэрбээр дурджээ. ДЭМБ-ын тайланд дурдсанаар, АНУ-д явуулсан судалгаанаас үзвэл, тус улсад өсвөр насны хүүхдүүдийн 37 хувь нь дэлгэцээр тамхи татаж байгаа кино үзсэнийхээ дараа тамхинд орсон байна. 2014 онд Холливудад бүтээсэн кинонуудын 44 хувьд ийм үзэгдэл гардаг бөгөөд үүний 36 хувь нь өсвөр насныханд зориулсан кинонууд аж. АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын тооцолсноор, хэрэв тамхи татдаг үзэгдэлтэй кинонуудыг зөвхөн насанд хүрэгсдэд зориулсан гэж тэмдэглэбэл тамхичин залуусын тоог 20 хувиар бууруулж, цаашлаад нэг сая хүн нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Тамхи татдаг үзэгдэлтэй киног АНУ-аас гадна Герман, Нидерланд, Польш, Исланд, Итали, Их Британи, мөн Аргентин болон Мексикт бүтээсэн гэж ДЭМБ-ын тайланд дурджээ. Тамхи татдаг үзэгдэлтэй кинонд хүүхэд, залууст зориулаагүй гэсэн бичиг оруулах, харин кино театруудад болон телевизийн сувгуудаар гаргахын өмнө тамхины хор уршгийн талаар үзэгчдэд анхааруулахыг ДЭМБ улс орнуудад зөвлөжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ