Үндсэн хуулийн цэцээс УИХ-д албан бичиг илгээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-02 16:55:45

Энэ долоо хоногт чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхээр товлосонтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс өнөөдөр УИХ-д хандаж албан бичиг илгээжээ.

Уг албан бичигт “УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн УИХ-д ирүүлсэн албан бичиг хууль зөрчсөн байх тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналтай байна, энэ талаарх саналаа ирүүлнэ үү гэсэн агуулгатай бичиг явуулжээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Улсын Их Хуралд илгээсэн хариу албан бичигтээ “Уг асуудлаар ... Улсын дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэжээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, Улсын дээд шүүх санал ирүүлээгүй, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын дээд шүүхийн саналаар эгүүлэн татах асуудлыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргаагүй байхад тухайн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасны дагуу нэгдүгээрт, Цэцийн гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдсон байх; хоёрдугаарт, Цэцийн шийдвэр гарсан байх; гуравдугаарт, анх илгээсэн байгууллагын санал байх гэсэн гурван нөхцөл хангагдах ёстой билээ. Эдгээрийн аль нь ч бүрдээгүй байна.

Иймээс УИХ өөрийн үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн явуулахыг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна” гэжээ.

Уг албан бичигт Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд гарын үсгээ зурсан байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ