Хамгаалах бүсээ зүүгээгүйгээсээ болж 1 оноогоо хасуулсан жолооч олон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЗөрчил гаргасан жолоочийн оноог энэ сарын нэгнээс хасч эхэлсэн. Нийт 17 төрлийн зөрчилд 1-3 оноо хасах бөгөөд зам тээврийн осол гаргавал таван оноо хасна.
Уг журам мөрдөгдөж эхлээд цөөн хонож байгаа ч хамгаалах бүсээ зүүгээгүйн улмаас нэг оноо хасуулж буй жолооч олон байна гэж Орхон аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга С.Баттулга хэллээ.
Дээрх журмын дагуу мөн урамшуулал олгоно. Тодруулбал, жолооч зөрчил гаргасанаасаа хойш жилийн хугацаанд Замын аюулгүй байдлын тухай хууль дүрмийг ягштал биелүүлсэн бол сүүлд хассан оноог нь буцаан олгох юм. Мөн хоёр жилийн турш дахин зөрчил гаргаагүй бол 10 оноог нь олгоно. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан, зөрчил гаргаад хугацаандаа торгуулиа төлөөгүй бол уг урамшуулалд хамрагдах боломжгүй юм.
Зөрчлийн оноо дуусч жолоодох эрхээ хасуулсан тохиолдолд хоёр цагийн сургалтад хамрагдан шалгалт өгч сертификат авна. Ингэснээр эрхээ сэргээлгэж, арван оноотой болох боломжтой. Эрх сэргээх сургалтыг “Жаргалант хатад” ТББ явуулна.
Б.Оюун-Эрдэнэ