Хорт хавдраар өвчлөгсдийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-02-04 17:39:58

Монгол Улсад хорт хавдраар жил бүр 5000 гаруй хүн өвдөж 3000 гаруй хүн нас барж байна. Хорт хавдраар өвдөж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг хэмээн өнөөдөр ХСҮТ-д болсон “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн хурлын үеэр тус эмнэлгийн эмч нар мэдээллээ.

Манай улсад 2014 онд 5483 хүн хорт хавдраар шинээр өвчилж, 3536 нас баралт бүртгэгджээ. Хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой аж. Хорт хавдрын шинэ тохиолдлын 61,4 хувь нь хөдөө орон нутагт, 38,5 хувь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тиймээс хорт хавдар өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил бус хувь хүн, хамт олон, нийгмийн бусад салбарын өргөн оролцоо чухал гэлээ.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, “Элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдар зонхилж байна. Үүнээс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар тэргүүлж байна. Аль болох эрт үед нь хорт хавдрыг оношилж чадвал төгс эмчлэгдэх боломж бий. Гэтэл хорт хавдраар өвчилсөн иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна” гэв.

2011 оноос хойш орон даяар хэрэгжсэн “Хавдрын эсрэг үндэсний аян” энэ жил 6 дахь жилдээ болж байна. Аяны хүрээнд хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа хийхийн зэрэгцээ эрсдэлт бүлгийн 90922 хүнд үзлэг, шинжилгээ хийж, аймгуудад 403 хорт хавдраар өвчлөгсдөд мэс засал хийж хөдөөгийн хүн амд хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Энэ жилийн хавдартай тэмцэх өдрийг “Би чадна, Та ч бас чадна” уриан дор тэмдэглэж, өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгт Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, Этүгэн их сургуулийн оюутны SIX SIGMA клуб, АШУҮИС-ийн Хавдар судлаач клубын оюутнууд, “Монголын Эрдэст ус технологи хөгжил” ХХК болон хэвлэл мэдээллийн байгууллага дэмжин хамтран оролцож байна.

Энэ өдөр хорт хавдраас сэргийлэх, цаашид хэрхэн тэмцэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалтад НЭМЭШСА-ны мэргэжилтэн Д.Алтанзаяа “Хорт хавдар үүсгэх хүчин зүйлс”, “Агаарын бохирдол ба асбест хорт хавдар үүсгэхэд нөлөөлөх нь”, ЦХМЗ-ын тасгийн эрхлэгч Б.Ганзориг “Уушгины хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр тус тус лекц уншив.

Мөн хэвлэл мэдээллийн салбарын 30 гаруй сэтгүүлчээс гадна тус төв өөрийн эмч, ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ