Археологийн шинэ олдворуудыг 4-р сараас нийтэд үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Монголын археологи-2015” эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд үргэлжилж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар өнгөрсөн 2015 онд манай түүхч, археологич эрдэмтэн, судлаачдын болон олон улсын хамтарсан 40 гаруй эрдэм шинжилгээний экспедицийн тайлан илтгэлийг сонсч, үр дүнг хэлэлцэж байгаа юм. Энэ удаагийн хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс гадна 6 байгууллагын 70 орчим судлаач, гадаадын 50 гаруй эрдэмтдийн оролцсон 49 илтгэл хэлэлцүүлж байна.
Археологийн салбарын судлаач, эрдэмтэд 2015 онд Монгол Улсын хэмжээнд илрүүлсэн түүхэн олдворуудаас онцлон дурдвал, өмнө нь огт судлагдаагүй байсан эртний Сяньби нарын бүтэн олдворыг Баян-Өлгий аймгийн нутгаас олж нээсэн. Хүннүгийн шавар ваар савны урлагийн олон шинэ олдворыг Тамирын Улаан хошууны булшнаас илрүүлсний дотор Дундад Азиас гаралтай шавар савнууд байсан нь Төв Азийн эртний соёл иргэншлийн хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримт болжээ. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух, алт мөнгөний дархны бүрэн хэрэгслийг анх удаа нээн гаргаж илрүүлснийг археологчид онцолж байв. Эдгээр үнэт олдворыг ирэх 4 дүгээр сараас эхлэн олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Олдворуудыг сэргээн засварлах ажил ШУА-ийн төв лабораторид явагдаж байна. Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Сарьдагийн хийдийн суурины малтлагаас гарсан 17-р зууны түүхийг илэрхийлэх монгол цэргийн бүрэн хэрэгсэл. Өндөр гэгээн Занабазарын урласан 3000 шавар бурхан зэрэг чухал олдворыг археологичид 2012 оноос эхлэн гурван жилийн турш малтлага хийж илрүүлжээ.Түүхэнд тэмдэглэснээр Сарьдагийн хийдийн суурь нь Улаанбаатар хотын нэг үүсэл гэж үздэг. 1950 оноос Монголын археологичид эртний хот суурины судалгааг эхлүүлж, монголчууд Манжийн дарлалд орохоос өмнө амьдарч байсан 11-12 хотын суурийг илрүүлсэн юм. Харин хот суурины судалгааны ажил сүүлийн үед зогсонги байсныг сэргээж, Сарьдагийн хийдийн гол цогчны нэгээхэн хэсэг болох хотын суурийг малтан судалсан нь ийнхүү үр дүнтэй болжээ.
Д.Өлзий