Хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-05 10:46:59

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар өчигдөр 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэн, хоёр хуулийн төсөл баталлаа. 

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэдэх “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо”-г “Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо” болгон өөрчлөв. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар хуулийн үйлчлэх хугацааг “2016 оны 02 дугаар сарын 10” байсныг “2017 оны 1 дүгээр сарын 01” болгож баталсан юм.

Өчигдөр батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “50-иас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна.”, “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах, тайлагнах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.”, “Салбарын түвшний нийгмийн түншлэлийг салбарын яам, агентлаг, мэргэжлийн холбоод, ажил олгогч, эцэг эхийн төлөөлөл бүрдүүлнэ.”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо нь Зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв, сургалтын байгууллагаас бүрдэнэ”, “Суралцагч элсүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгыг үндэслэн зохион байгуулах бөгөөд эрэлтийн судалгааг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана” зэрэг заалтууд шинээр үйлчилж эхэллээ.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, “50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэж нэрлэх”, “Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө”, “Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө”, “жижиг зээлд батлан даалт гаргаж болно” зэрэг өөрчлөлт хуульд орлоо. 
Түүнчлэн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төсөл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/ батлах тухай УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийж дуусгасан. 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл зэргийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ