ХАА-н зориулалттай тракторыг татвараас чөлөөлнө

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-02-05 16:00:26

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Манай орны газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, үйл ажиллагаа нь тогтворжих энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх үүднээс импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ-аас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд "Сонгуулийн төв байгууллагаас Сонгуулийн тухай хуулийн 38.1-д заасан төсвийн хүрээнд сонгууль зохион байгуулахтай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн хэсэг нэмсэн байна. Төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд зарчмын санал гаргаагүй байна. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргажээ. Байнгын хорооны горимын энэ саналын дагуу  хуулийн төслийг баталлаа.

 

Холбоотой мэдээ