Олимпийн бамбар Хан Хэнтий нутгийн хилээр аялав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 21:33:53

Хөл бөмбөгийн эх орон гэгддэг Бразил улсад ирэх наймдугаар сард зуны XXXI олимпийн наадам болно.  Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам "Рио-2016"-г угтсан “Дархан хилд олимпийн бамбар” аяны хүрээнд бамбар хилийн ангиудаар аялж байна.

Эзэн Чингисийн тоонот нутгийг сахин хамгаалж буй Хан хэнтийн хилчид ”Рио-2016” бамбарыг хүлээн авах үеэр Зүүн бүсийн цанын аварга шалгаруулах тэмцээн, Дадал сумын иргэн Д.Мөнхөөгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн, Хилийн 0287 дугаар ангийн бөх Монгол улсын начин ахмад П.Ганхүү, Аймгийн арслан Г.Ганцоож нарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан, Монголын үндэсний мөсний шагайн харваа, Норовлин суманд албан байгууллага ААН-н дунд ”Рио-2016” бамбарын нэрэмжит “Гар бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн зэргийг тус тус зохион байгуулж, Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн 0275 дугаар ангид ёслол төгөлдөр  хүлээлгэн өглөө.

Дадал суманд олон жилийн турш тасалдаад байсан цанын тэмцээнийг Хилийн 0287 дугаар ангийн удирдлага, Монголын цанын холбоотой хамтарч тус суманд Мөн Монголын үндэсний мөсний шагайн холбооноос монголчуудын уламжлалт тоглоомын нэг болох мөсний шагайн харвааг тус сумын иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж Монголын ард түмний өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч Улаанбаатар хотоос шилдэг харваачдыг урьж, Дадал, Биндэр суманд сургалт, тэмцээнийг зохион байгууллаа.

Рио-2016 “Дархан хилд” олимпийн бамбар аяны үеэр Дадал суманд болсон цанын тэмцээнд Хэнтий аймгийн Баян-Адрага, Хурх, Биндэр, Дадал, Хилийн 0287-р анги, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумын цаначид өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдлөө. Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин, Хилийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж, “Хилчин” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч Ж.Даваасүрэн болон Монголын цанын холбоо, Монголын үндэсний мөсний шагайн холбоо, Дорнод, Хэнтий аймгийн сумдын төлөөлөгч нарын албаны хүмүүс оролцсон юм. Аяны хүрээнд зохион байгуулалт болон амжилтаараа манлайлсан захирагчийн 1 дүгээр орлогч штабын дарга д/х Б.Уламжаргал, ЦСАЗА-ны дарга а/хЭ.Цэнд, а/ч П.Октябрь нар МҮОХ-ний “Алтан медаль”-аар  шагнууллаа.

Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар,тухайн орон нутагтай хамтран энэхүү аяныг зохион байгуул байгаа аж.

Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаараас эхэлсэн бөгөөд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 12 аймаг, 64 сум, 20 ангиудаар дайрч нийт 7762 км газраар аялжээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ