ОХУ-аас тэжээл оруулж ирж сумдад нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:18:28

Увс аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан “ДДБН” компани ОХУ-аас 430 тн тэжээл оруулж ирж 10 суманд нийлүүлэхээр сумдын дарга нартай гэрээ байгууллаа.

Орон нутгийн хөгжлийн сан дээр тавигдсан мөнгөнөөсөө шалтгаалаад 3-20 сая төгрөгийн тэжээл авах гэрээг сумдын дарга нар тухайн компанитай хийсэн юм. Тухайлбал Тариалан сум 3,5 тн, Тэс сум 23 тн гэх мэтээр сум бүр харилцан адилгүй хэмжээтэй тэжээл авахаар гэрээ байгууллаа.

Одоогоор эхний ээлжийн тэжээл ирж тараагдсан бөгөөд нэг уутыг 8500 төгрөгөөр нийлүүлж байна. ОХУ-аас тээвэрлэж оруулж ирээд сум бүрт хүргэх ажлыг тухайн компани хариуцаж байгаа аж. Малчдыг үнийн дарамтад оруулахгүй байх, сайн чанарын тэжээл нийлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг сумдын удирдлага сануулж байсан юм.  

Тухайн компани нь ОХУ-ын 4-5 компанитай гэрээ байгуулан тэжээл оруулж ирж байгаа бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн тул ачаагаа яаралтай ав гэсэн шаардлагыг цаанаас тавьж байгаа аж. Гэтэл гэрээ хийсэн сумд нь тэжээлээ хадгалах сав байхгүй тул түр хугацаагаар хойшлуулах санал тавьсан байна.

Увс аймгийн зарим сумд энэ төрлийн гэрээг өөр компани, хувь хүмүүстэй байгуулж тэжээл авч байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ