Тариалан сум аймагтаа тэргүүллээ

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:56:19

Увс аймгийн ЗДТГ-аас 19 сумын 2015 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний үр дүнгээр өнгөрсөн жилийн ажлаараа 1-р байранд Тариалан сум, 2-р байранд Наранбулаг сум, 3-р байранд Малчин сум шалгарлаа.

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн үнэлгээгээр 2015 оны ажлаараа 1-р байранд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, 2-р байранд Цагдаагийн газар, 3-р байранд Биеийн тамир, спортын газар тус тус шалгарсан юм. Мөн эрхэлсэн ажилдаа санаачлага зүтгэл гаргаж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан Хөдөлмөрийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтсийг тус тус шагнаж урамшуулав.

Увс аймгийн 93 багаас 2015 оны ажил үйлсээрээ Ховд сумын Халиунбулаг баг, Өндөрхангай сумын Цагааннуур баг, Баруунтуруун сумын Баян-Айраг баг тус тус тэргүүлсэн байна.

-Увс аймгийн Тариалан сум 2015 оны ажлаараа аймгийнхаа 19 сумыг хошуучилж “Оны тэргүүний сум болсон. Тариалан сумын Засаг дарга С.Цолмон:

   Тариалан сумын иргэд угаасаа ясны хөдөлмөрч, ажилсаг ард түмэн. Аймагт ажлаараа 1-р байранд орсон явдал нь ард иргэдийн маань хичээнгүй зүтгэлийн үр дүн юм. Мөн 2015 онд Тариалан сумын түүхт 90 жилийн ой, Улсын тэргүүний цэцэрлэгийн 60 жилийн ой, Хархираа багийн 30 жилийн ой болсон. Эдгээр ойн далбаан дор сум, багтаа олон арван ажил хийсэн маань одоо үнэлэгдэж байна. Үүнээс гадна сумын удирдлагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сайн, бие биенээ дэмжиж, мэдээллээ солилцож, тулгамдсан асуудлуудыг дор бүр нь шийдвэрлэж байсан маань энэхүү амжилтанд хүрэхэд нөлөөлсөн.  Ингээд  Увсчууд болон Тариаланчууддаа сар шинийн баярын мэндийг хүргэж, ирж буй бичин жилдээ элгээрээ энх амгалан,  төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ