Увсын зарим сумдад өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-06 00:05:43

Он гарснаас хойш Увс аймгийн зарим сумдад 50 хэмээс дээш хүйтэрч, мал бэлчээрлэх боломж хомсдон, өвөлжилт хүндэрч эхлээд байна. Энэ талаар зарим сумдын Засаг дарга нартай утсаар холбогдож тодруулга авлаа.

-Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулга:

-Цаг үеийн байдал хүндрэх шатандаа байна. Ялангуяа Наранбулагийн төвөөс урагшаа байгаа Улаан-Үзүүр баг, Зүүнсарвах чиглэлийн айл өрхүүдийн өвс тэжээлийн нөөц дууссан. Мал тэжээврийн байдалд шилжсэн, өвс идүүр байхгүй, намрын нөөц дууссан, ямаа хээл хаясан, малчин өрх бүр 10-20 төлөгний хорогдолтой байна. Зарим айлд 200 ямаа хээл хаясан, 20-30 төлөг хорогдлоо гэсэн мэдээтэй. Бид улсын болон аймгийн нөөцөөс өгсөн 30 тн өвс, 20 тн тэжээлийг дөрвөн багт хуваарилаад хүргүүлсэн. Нэг айлд хоёр боодол өвс, нэг уут хорголжин тэжээл оногдож байгаа. 500 малтай айлд энэ нь юу болохгүй байна. Сумын нөөцөд байсан өвсөө борлуулсан мөнгөөрөө тэжээл авч малчиддаа олгохоор болсон. Өвс тэжээл авах гэхээр малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй байна. Хайстын шил тал руугаа өвөлжилт хэвийн, малын хорогдол багатай байна. Ховд аймгийн Мянгад сумын чиглэлд манай сумын 16 өрхийн 25 орчим мянган мал отроор өвөлжиж байгаа.

-Тэс сумын Засаг дарга З.Түмэндалай:

-Манай суманд өвөлжилт хүндрэх шинжтэй байна. Хүйтний эрч чангарч шөнөдөө 50, өдөртөө 45 хэмийн хүйтэн байна. Их хүйтэрч байгаатай холбоотой мал хашаандаа хоргоддог, бэлчээрт байх хугацаа богино, хот алдах явдал байна. Сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг гаргаж тэжээл авсныгаа 50 хувийн хөнгөлттэй үнээр малчиддаа нийлүүлж байна. Сумын нөөцөд 3500 боодол өнжмөл өвс байсныгаа багуудад үнэ төлбөргүй хуваарилаад явж байна.

-Завхан сумын Засаг дарга Ц.Лхагважав:

-Манай суманд өвөлжилт хүндэрч байна. Нийт нутгаар 5-10 см-ийн цастай байсан чинь нэмж ороод 15 см боллоо. Энэ зун зуншлага сайнгүй байсан. Завхан аймгийн Завханмандал, Дөрвөлжин, Ургамал сумд, Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумтай отор нүүдлийн гэрээ байгуулаад үндсэндээ 3 багийн 80-аад малтай өрх эдгээр сумдад өвөлжиж байна. Он гарсаар хүйтний эрч 40 хэмээс буухгүй байна. Одоогоор 1500 орчим мал хорогдоод байна. Цаашдаа хаваржилт хүндрэх байх. Сумын нөөцөнд 10 гаруй тн тэжээл, 40 гаруй тн өвс байсныг малчиддаа тараасан. Улсын нөөцөөс 36 тн өвс, 24 тн тэжээл татаж аваад өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр малчиддаа олгож байна. Дахиад орон нутгийн нөөцөөс тэжээл бэлтгэх, улсын нөөцөөс өвс татаж авах ажлыг хийнэ.

-Түргэн сумын Засаг дарга Э.Бямбаа:

Одоогийн байдлаар өвөлжилт дундаж түвшинд байна. Эрдэнэхайрхан багт их, Рашаант багт 20-30 см цастай байна. Зуншлага тааруу гарсан тул өвсний гарц муу, бэлчээрийн хомсдолд орох төлөвтэй байна. Одоохондоо бусад сумдтай харьцуулахад өвөлжилт гайгүй боломжийн түвшинд байна. Улсын болон аймгийн нөөцөөс нийтдээ 25 тн өвс, 20 тн тэжээл хүлээж аваад өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчиддаа хүргэж байна. Сумын нөөцөд байсан 1000 гаруй боодол өвсөө 12-р сард малчдад хүргэсэн. Одоо Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр авах өвсийг малчиддаа хүргэх ажлыг эхлүүлнэ.

-Тариалан сумын Засаг дарга С.Цолмон:

Манай сумын газар нутгийн 90-95 хувь нь цасан бүрхүүлтэй, зарим газраа 30-40 см зузаан цастай байгаа тул мал өвөлжихөд хүндрэлтэй тал ажиглагдаж байна. Одоогийн байдлаар 2-3 цэг дээр хүрч чадахгүй байгаа. Улсын фондоос 30 тн өвс, 30 тн тэжээлийн туслалцаа үзүүлсэнийг малчид болон мал бүхий өрхүүдэд хүргүүлсэн.

Увс аймаг Б.Батхүү

 

                                                                               

Холбоотой мэдээ