Дорнод нутгийн охин олимпийн эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 23:08:19

Монгол Улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Баярцогтын Мөнхзаяа Хонконгт болсон Марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 4 дүгээр байрт орсон амжилтаар “Рио-2016” олимпод оролцох эрхийг олж авсан юм.

Аравдугаар ангиасаа хөнгөн атлетикаар хичээллэж, өдгөө 5 км, 10 км, 42 км-ын Монгол Улсын рекордыг эзэмшигч шилдэг залуу марафонч гэдгээр Дорнодынхондоо төдийгүй Монголдоо танигдсан. Өнгөрсөн онд БНХАУ-ын Чүнчон хотод болсон Олон улсын марафон гүйлтийн “А” зэрэглэлийн тэмцээнд 42,2 км зайг 2 цаг 33 мин 36 сек туулж Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг нь үнэлж нутгийн зон олон нь түүнд хүндлэл үзүүлэн “Хонин” жилийн аймгийн алдартнаар тодруулжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр “Та яг одоо хаашаа гүйж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Яг одоо би ирээдүй рүүгээ гүйж байна” гэж тов хийтэл хариулсан түүний амьдрал, ажил үйлсэд нь их амжилтыг хүсье.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ