Завханаас дөрвөн уяач тод манлай уяач боллоо

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 15:49:33

ХYII  жарны  гал бичин жилийн босгон дээр Завханаас “Тод манлай уяач”тодорлоо.

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Ийнхүү Завхан нутгаас Монгол Улсын Тод манлай уяачаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзий, Монгол Улсын Манлай уяачаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраа, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Энхболд, Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул Б.Баасанжав нар тодорчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа хэлсэн үгэндээ ...“Буян хишгээ хайрласан хонин жилээ үдэж, ээл ивээлээ дэлгэх гал бичин жилээ угтах өлзийтэй сайн цаг дор өвгөдөөс өвлөсөн монгол уяачийн эрдэм, молор эрдэнэ адууны хиймориор түмэн олноо баясгасан хүндэт уяачид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе....Та бүхний аргамаг хүлгийн уяа тэгширч, өнгө гийсэн наадам наадмын амжилтыг үнэлж, Улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе.  Уяачийн эрдэм төгс, морины хүүхдийн золбоо төгөлдөр байж, монгол түмнээ түм буман жил баясган, адууны хийморь үргэлж өөдөө байг ээ. Монгол газар шороонд морины туурайн мөр үүрд оршиг ээ..." гэлээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ