НҮБ, Украины Засгийн газар 298 сая долларын тусламж хүслээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-18 11:47:27

НҮБ. /TASS/. НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагууд болон Украины Засгийн газар олон улсын хандивлагч орнуудаас 298 сая доллар хүссэн байна. Уг мөнгийг энэ жил Донбассын иргэдэд тусламж үзүүлэхэд зарцуулах ажээ.

“Хамгийн эмзэг байдалд байгаа хүмүүст тусламж үзүүлэхэд шаардагдах 298 сая долларыг Украины Засгийн газар болон тус улс дахь хүмүүнлэгийн байгууллагууд хүссэн. Мөргөлдөөнд хамгийн их нэрвэгдсэн Донбасстай холбогдох шугамын дагуух суурингуудын иргэд болон Киевийн эрх баригчдын хяналтаас гадуур байгаа газарт нутагт амьдардаг иргэдэд тусламж үзүүлэхэд уг хандивыг зориулна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.

НҮБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, Украины зүүн нутагт мөргөлдөөний улмаас 9145 хүн амиа алдаж, 21000 орчим хүн шархадсан байна. Мөн 1.1 сая хүн орон гэргүй болжээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдэгдсэнээр, энэ онд яаралтай тусламж авах шаардлагатай 3.1 сая хүн Украинд байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ