Ажил эрхлэлтийн судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Мэргэжлийн боловсролын сургалтын зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн санхүүжилтээр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоо ба чанарын судалгаа хийх арга зүй” сургалт зохион явуулжээ.
Сургалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын Газар, Хөдөлмөрийн хэлтэс, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх төвийн мэргэжилтнүүд, Ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсрол төвийн менежерүүд 30 хүн хамрагдсан байна.
Сургалтаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг тоо, чанарын үзүүлэлтээр өөрийн ажил мэргэжилтэй холбон хийх талаар аргазүйд дадлагажжээ. Энэ аргазүйд тулгуурлан аймгийн “Аймгийн хөгжлийн хөтөлбөр- 2030” хөтөлбөрт шаардалагтай судалгааг сүүлийн 10 жилийн байдлаар гаргасан байна. Судалгааг их дээд сургууль төгссөн иргэд, Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, их дээд сургууль төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, их дээд сургууль төгсөн ажил эрхэлдэггүй иргэд, МСҮТ-ийн төгсөгчид зэрэгт ажил эрхлэлтийн талаар судалгаа хийжээ.
Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй их дээд сургууль төгссөн ажил хайгч иргэдийн 50-60 хувь нь багш, эдийн засагч, нягтлан бодох мэргэжилтэй байна. Харин ЕБС-ийн төгсөгч 2009-2010 онд 940, 2010-2011 онд 859, 2011-2012 онд 1129, 2012-2013 онд 1201, 2014-2015 онд 758 хүүхэд төгссөн бөгөөд нийт төгсөгчдийн 80-90 хувь нь Улсын болон хувийн их дээд сургуульд элсэн суралцаж байна. Улирагч онд аймгийн хэмжээнд их дээд сургууль төгссөн иргэдийн ажил эрхлэлтийн талаарх судалгаанд 3986 хүнийг хамруулсан бөгөөд ажил эрхэлж буй 2580 буюу 64.7 хувь, хувиараа хөдөлмөр эрхэлж буй 272 буюу 6.8 хувь, ажил хөдөлмөр эрхэлдэггүй 864 буюу 21.6 хувийг эзэлж байна.
Б.Мөнхзул