АНУ Умард Солонгост шинэ хориг арга хэмжээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-19 08:56:18

ВАШИНГТОН. /ВВС/. Энэ сарын эхээр пуужин харвах туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгост өргөтгөсөн шинэ хориг хэмжээ авах хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурлаа.

Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоохоос татгалзаж байгаа учир уг хуулийн төслийг АНУ-ын Конгресс санал нэгтэйгээр баталсан байна.

Цөмийн жижиг хошуу болон алсын тусгалтай пуужин боловсруулахад Умард Солонгост шаардлагатай санхүүжилтийг нь уг хориг арга хэмжээгээр таслах ажээ.

Шинэ хориг арга авах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг АНУ болон БНХАУ хэлэлцэж байна. Хориг арга хэмжээний зарим нь Умард Солонгосын эдийн засгийг зэрэмдэглэж болзошгүй гэж БНХАУ үзэж байна.

Умард Солонгост радио нэвтрүүлэг явуулах болон хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийг дэмжихэд 50 сая долларын хөрөнгө оруулалт хийх эрхийг уг хуулиар олгосон байна.

Умард Солонгосын сүүлд харвасан алсын тусгалтай пуужин нь хориотой пуужингийн технологи байсан гэж олон улс тус улсыг буруушааж байгаа билээ. Харин Умард Солонгос, хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулсан гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ