Б.Гарамгайбаатар: Цэцийн даргын асуудал хууль зөрчөөгүй

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-02-22 17:40:50

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас ээлжит бус чуулган болон цэцийн даргыг эгүүлэн татсан асуудал хууль бус эсэх талаар тодрууллаа.

-Ээлжит бус чуулган зарлаад нэг асуудал хэлэлцээд завсарлалаа. Энэ нь тийм чухал асуудал байсан уу?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 20 гаруй асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр оруулсан. Даргын дэргэдэх зөвлөл хуралдахад нам намын төлөөлөл байлцаж, саналаа хэлсэн. Тус хурлаас хэлэлцэх асуудлын талаарх шийдвэр гарсан.

Гэтэл эдгээр 20 гаруй асуудлаас МАН-ын бүлэг цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар чуулганы хуралдаанд оролцохгүй байх шийдвэр гаргасан. Мөн МАХН-ынхан хуралдаанд оролцоогүй. Үүнээс болж ээлжит бус чуулган хуралдахгүй удсан тул хэлэлцэх асуудлаар зөвшилцөлд хүрч, зөвшилцөлд хүрсэн асуудлаа хэлэлцээд чуулганыг завсарлуулсан.

-Хүчин төгөлдөр болоогүй хууль дээр маргаан үүсгэсэн гэдэг нь цэцийн даргыг эгүүлэн татах шалтгаан мөн үү? Наана нь өөр хариуцлагын арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-т Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэсэн заалт бий. Хууль хүчин төгөлдөр болоогүй, төрийн мэдээлэлд хэвлэгдээгүй, үйлчилж эхлээгүй байхад иргэний гомдлоор урьдчилаад Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргаснаараа Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчсөн. Үүнийг нь УИХ Улсын дээд шүүхтэй зөвлөлдөөд эгүүлэн татах шийдвэр гарсан. Энд ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

-Хаврын чуулганаар хэлэлцэх голлох хуулиуд юу вэ?

-Хаврын чуулганаар татварын эрх зүйн орчныг шинэчлэлийн асуудал орж байгаа.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ