Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд малчдад хандив хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 16:01:39

Малчдад эд материалын болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хорооноос Сүүн цагаан сэтгэл аян зарлаж, нийт 3 сая 350 мянган төгрөгийн эд материал цуглуулжээ.

Энэ өвөл цас ихтэй, мал болоод малчид их зутарч байгаа. Үүнтэй холбоотой тус хорооноос тус аяныг аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн дунд 3 хоногийн хугацаатай зарлажээ. Хүүхдүүд лаа шүдэнз, вок саван, гурил будаа, сахар гээд ахуйн хэрэглээний бараанаас гадна сурагчид өөрсдийн гараар урласан бээлий, нэмнээ, төлийн уут зэргийг хандивлажээ. Бүр зарим нь өвс хүртэл өгсөн нь нийтдээ нийт 3 сая гаруй төгрөгийн бараа, эд материал болжээ.

НҮБ, МУЗН-ийн төлөөлөгчид гамшигтай холбоотойгоор малчдын байр байдалтай танилцан судалгаа хийж яваа бөгөөд үүний хамтаар эдгээр цугласан бараа бүтээгдэхүүнээ малчдад хүргэж байгаа юм байна. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд ойрын малчдаар явсан байна. Үхсэн малаа гаднаа овоолчихсон, малчид маань өөрсдөө ч нилээн сэтгэл санааны хямралтай байгааг УЗХ-ны мэргэжилтнүүд хэлж байна. Нэг айлд 40 мянган төгрөгийн өртөг бүхий зүйлийг өгч байгаа юм байна.

Аймгийн төвийн 10 цэцэрлэгээс сүүлд шинээр байгуулагдаад байгаа 10-р цэцэрлэг хамгийн идэвхтэй оролцож 513 мянган төгрөгний хандив, ЕБС-аас 4-р сургууль мөн хамгийн их буюу нийт 600 мянган төгрөгийн эд материал хандивлажээ.

Энэ оны эхний сарын байдлаар аймгийн хэмжээнд 17 мянга орчим мал хорогдоод байгаа. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатайг малчид  хэлж байна.  

Т.Одончимэг 

 

Холбоотой мэдээ