Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яаманд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-25 13:28:14

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, С.Оюун болон тус байнгын хорооны ажлын албаныхан Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон салбарын бодлого, үйл ажиллагааг байнгын хорооны гишүүдэд танилцуулж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэв. Батлан хамгаалахын сайд оны өмнөхөн батлагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт нийцүүлэн Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай зэрэг салбарын багц хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдаад уг хуулиудын төсөлд тусгагдсан зарим зүйл, заалтыг онцлов. Түүнчлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа. Мөн “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгааг дурдав.

Энэ үеэр Байнгын хороодын гишүүдийн сонирхсон асуудалд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар хариулт өгч, харилцан ярилцав. Мөн Батлан хамгаалах яамны удирдлагууд "Энэ жил манай салбараас 300 гаруй цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн боловч төсвийн хүндрэлтэй байдлаас үүдээд тэтгэвэр, тэтгэмжийг нь олгох боломжгүйгээс тэднийг тэтгэвэрт нь гаргаж чадахгүй байна. Мөн гадаадад суралцаж байгаа сонсогч оюутнуудынхаа орон байрны зардал, цалинг нь ч өгч чадахгүй байгаа. Иймээс төсвийн тодотголоор 10 орчим тэрбум төгрөг суулгаж өгвөл асуудал шийдэгдэнэ" гэлээ.

Байнгын хорооны дарга М.Сономпил "Энэ салбарын сайдаар ажиллаж байсны хувьд Л.Болд гишүүн бид хоёр та бүхний санал хүсэлтийг маш сайн ойлгож байна. С.Оюун гишүүн ч гэсэн батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлд идэвхтэй оролцож байгаагийн хувьд өнөөдөр ирж ажиллалаа. Батлан хамгаалахын багц хуулийн төслийг манай байнгын хорооны гишүүд дэмжиж ажиллана" хэмээн уулзалтын төгсгөлд онцоллоо.

Холбоотой мэдээ