Баянзүрх, Сонсголонгийн гүүр 2018 онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-25 16:48:38

Баянзүрх, Сонсголонгийн гүүрийн засвар, шинэчлэлийн ажлыг энэ онд эхлэх 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар өнөөдөр нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж мэдээлэв.

Тэрээр, “2011 оны Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрээр Улаанбаатар хотын гүүрэн гарцуудад 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 20 жидийн хугацаанд 2 хувийн хүүтэй олгох тухай шийдвэр гарч, УИХ-аар соёрхон баталсан. 2015 оны долдугаар сард Засгийн газрын тогтоолоор Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг шинэчлэх ажлыг дээр дурьдсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх болсон. БНХАУ-ын Засгийн газраас үзүүлж байгаа зээл тусламж, аливаа хөрөнгө заавал хятад гүйцэтгэгчтэй байна гэсэн нөхцөлөөр зээл авч байгаа” хэмээв.

БНХАУ-аас 2 гүүрийн барих сонирхолтой хэд хэдэн компанийн нэр ирүүлсэн бөгөөд одоогоор сонгон шалгаруулалт явагдаж байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ