Хятад навигацын системийн 37, 38 дахь хиймэл дагуулуудыг хөөргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2018-09-20 15:44:24

БЭЭЖИН./РИА Новости/. Хятад улс дэлхийн хэмжээний “Beidou” навигацын системийнхээ 37, 38 дахь хиймэл дагуул болж буй “Beidou-3” хиймэл дагуулуудыг “Чанжэн-3В” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөлөө. Энэ тухай Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацийн /CASC/ мэдээлэлд дурджээ.


Хиймэл дагуулуудыг лхагва гарагт орон нутгийн цагаар 22 цаг 07 минутад Хятадын баруун өмнөд нутагт оршдог Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөсөн байна. Хиймэл дагуулууд орох ёстой тойрог замдаа орсон бөгөөд хэд хэдэн туршилт хийсний дараа “Beidou” системийн бусад хиймэл дагуулуудтай хамт ажиллаж эхлэх аж.

Хятад улс сансарт хөөргөсөн “Beidou-3” хиймэл дагуулуудынхаа тоог 2018 онд багтаан 18 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол 2020 оны эцэс гэхэд 30 болгох ажээ.

Хятадын сансар судлалын “Цагаан ном”-д урьд нь мэдээлснээр, тус улс 2018 оноос Торгоны замын дагуух улс орнуудад навигацын үндсэн үйлчилгээг үзүүлж эхэлнэ.

Д.Жаргал



Холбоотой мэдээ