Гал түймрийн улмаас орон гэргүй болсон өрхөд гэр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-06 18:03:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гал түймрийн улмаас гэр нь шатаж өмссөн хувцастайгаа үлдсэн Дархан сумын VIII багийн Нарантолгойн долдугаар гудамжны 20 а тоотод оршин суудаг иргэн Ц.Цэндсүрэн, түүний хадам ээж болох О.Бат-Эрдэнэ нарын хоёр өрхийн 10 ам бүл туслах аяныг сайн санаат хүмүүс санаачилжээ.Түймэр энэ оны наймдугаар сарын 26-нд гарсан юм.

Дархан сумын наймдугаар багийн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Д.Хүрэлчимэг, С.Батжаргал, Н.Батсайхан нар тус аяныг санаачилж хандивын аян өрнүүлж буй бөгөөд  “Халуун сэтгэлийн хандив” аянд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан сумын МАН-ын хороо, наймдугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж гурил” ХХК, “Бид бүтээнэ” ХХК, "Дархан Үйлс" эмнэлэг зэрэг олон аж ахуй нэгжүүд, МАН-ын үүрийн гишүүдийн халуун сэтгэлээр нийт 3.5 сая төгрөг болон хувцас, эд материал цугларсан аж.

Хандиваар цугларсан 3.5 сая төгрөгийн 1.4 сая төгрөгөөр таван ханатай монгол гэр худалдан авч гал түймэрт өртөж орон гэргүй болсон Ц.Цэндсүрэнгийн гэр бүлд авч өгчээ. Мөн Дархан сумын наймдугаар багийн иргэн О.Баасанжаргал таван ханатай монгол гэр бэлэглэсэн аж. Ц.Цэндсүрэнгийн гэр бүл сургуулийн насны гурван хүүхдийг сургуульдаа сурч, боловсроход нь анхаарал хандуулж, “Шүтэн-Уул” ХХК-ийн хамт олон сурагчийн дүрэмт хувцсаар хангасан бол иргэн Б.Энхбаяр, Р.Ундрах нар сурагчийн цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг бэлтгэж өгсөн талаар Дархан сумын наймдугаар багийн Засаг дарга Д.Хүрэлчимэг онцолж тэдэнд талархал илэрхийллээ.

Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар өргөө цагаан гэртээ болсон Ц.Цэндсүрэн хандивын мөнгө дээр гэр бүлийн орлогоо нэмж цаашид хашаандаа байшин барихаар төлөвлөж, тусалж дэмжсэн бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийллээ.


Л.Отгонбаатар 

Холбоотой мэдээ