Нөөц ашигласны төлбөрийг одоогийн 2.5 хувьд хадгалах санал давамгайлж байв

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-10-02 20:39:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон "Алтны форум-2018"-ын үеэр Монголбанкнаас алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин танилцуулахдаа, “Монголбанкны алт худалдан авалт сүүлийн жилд өндөр өсөлтийг үзүүлж байгаа нь алт худалдан авалтын үнийн бодлогодоо өөрчлөлт оруулж, дэлхийн түүхий эдийн зах зээлийн ханштай нийцүүлсэнтэй холбоотой төдийгүй олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор жил дараалсан аян зохион байгуулсан явдал юм" гэж байв.


Энэ жил Монголбанк өнгөрсөн оныхоос 10 хувиар ахиу буюу 22 тн алт худалдан авахаар зорьж буй бөгөөд энэ амжилтаа хадгалахын тулд алтны борлуулалтад тулгардаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд бүс нутгуудыг хамарсан сорьцын лаборатори бүхий нэг цэгийн үйлчилгээг Дархан-Уул, Баянхонгор аймагт энэ аравдугаар сард нээж байна. Ингэснээр олборлогчдод тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болж байгаа бол нөгөө талдаа алтны худалдан авалтын идэвхи нэмэгдэх ач холбогдолтой. Үүнээс гадна Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татварын хүчинтэй хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болохтой холбогдуулж, холбогдох яамдад хүчинтэй хугацааг дахин сунгах саналыг уламжлаад байна. Монгол Улс 2012 оноос алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татварыг тэглэснээр сүүлийн таван жилд төв банкны алтны нөөц долоо дахин нэмэгдэж, Монгол Улс гадаад гадаад валютын албан нөөцөө өсгөх боломжтой болсон юм” гэж байв. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөрийн мэдээлснээр манай улс 2500 тонн алтны нөөцтэй. 1990 онд нэг тонн алт олборлож байсан бол энэ онд Монголбанк 20 тонн алт худалдан аваад байна. Гэхдээ шороон ордын нөөц дуусах шатандаа орсон. Иймд эртний дарагдмал нөөцүүдийг дахин хайгуул хийн нээх шаардлагатай. Алт олборлох ААН бүх бичиг баримтаа бүрдүүлээд ажлаа эхлүүлэхээр орон нутагт очоод нутгийн захиргаа болон иргэдтэй ойлголцоход ихээхэн хүндрэл үүсдэг хэвээр байна. ААН төлөвлөгөөгөө батлуулаад олборлолтоо эхлүүлэх гэхээр иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж, жагсаал зохион байгуулдаг. 2019 оны Төсвийн тухай хуульд татварын орлогын тодорхой хувийг орон нутагт хуваарилахаар тусгасан нь үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг болж, орон нутгаас ирэх эсэргүүцлийг бууруулах хөшүүрэг болно гэж бодлого боловсруулагчид үзэж байна. Хууль бус олборлолт, нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах нь энэ салбарын толгойн өвчин болжээ. Аляскийн алтны халуурал гэх мэт жишээг бусад орны түүхээс харж болно гэдгийг Б.Мөнхтөр онцолж байв. Аливаа улсад нийгмийн тогтолцооны шилжилттэй зэрэгцээд ийм үзэгдэл гардаг гэж байв. Тэгвэл Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан, нийт алт тушаалтын 63 хувийг иргэд хувиараа олборлогчид эзэлсэн нь ААН-үүд татвараас зайлсхийж байгаатай холбоотой байж болохыг дурдаад, татварын орчныг боловсронгуй болгосноор энэ асуудлыг шийдэх боломжтой, “Иргэдийн цаана ААН-үүд байна уу эсвэл хуучин нинжа нар байна уу” гэсэн асуултыг тавьж, иргэд ХХОАТ болох 10 хувийн татвараа төлөх, ямар зардал гаргаснаа тайлагнах шаардлагатайг онцолж байв.


Тодруулга: Форумын үеэр дурдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт үйлдвэрлэгчид одоо 2.5 хувиар төлж байна. Энэ хуулийн заалт ирэх арван хоёрдугаар сарын 31-нд дуусна. Үүнтэй холбоотойгоор УУХҮЯ болон Сангийн яам 2020 онд хүртэл дээрх төлбөрийг одоогийн 2.5 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэх саналтай байгаа нь форумын үеэр давамгайлж байв. Олон улсад энэ төлбөр дунджаар 5 хувь байдаг байна.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ