“Дүнжингарав 2016” наадамд “Монгол хээр” гурав дахиа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2016-02-29 10:42:33

Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарсан “Дүнжингарав 2016” төвийн бүсийн хурдан морины уралдаан өчигдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд боллоо.

Засгийн газрын шийдвэрээр болдог тус уралдаан соёолон, их нас, азарга, эрлийз гэсэн дөрвөн ангиллаар болсон юм.

Уралдааны азарга насны төрөлд 253, их насны төрөлд 307, соёолон насны төрөлд 260, эрлийз төрөлд 116 тус тус уралдав.

Азарга насны төрөлд Дундговь аймгийн Өлзийт сумын аймгийн алдарч уяач Б.Наранхүүгийн Монгол хээр гурав дахиа түрүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын Аймгийн алдарт уяач Б.Сүхбаатарын Дүү хээр, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Янзага зээрд, айргийн дөрөвт Завхан аймгийн Улиастай сумын Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэгийн бор азарга, айргийн тавд Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн бор азарга тус тус хурдалжээ.

Харин их насны төрлийн түрүү магнайд нийслэлийн алдарт уяач н.Хишигбаатарын Сартай зээрд, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Монгол Улсын алдарт уяач Д.Дэлгэрбаярын хүрэн морь хурдалсан байна. Харин айргийн гуравт Төв аймгийн уяач Хакүхо М.Даваажаргалын Сартай зээрд, дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Н.Эрдэнэбаярын сартай хүрэн морь, тавд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Нацагдоржийн ягаан халзан морь оржээ.

Эрлийз морьдын төрөлд Төв аймгийн Сэргэлэн сумын аймгийн алдарч уяач Л.Дамбадаржаагийн Хамар цагаан зээрд түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын Монгол Улсын манлай уяач С.Лувсанбалдангийн хээр давхисан байна.

Түүнчлэн Соёолон насны морьдын уралдааны түрүүг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр, аман хүзүүг Төв аймгийн Алтан булаг сумын харьяат аямгийн алдарч уяач С.Дамбажавын хээр эзэлжээ. Харин айргийн гуравт Төв аймгийн Алтан булаг сумын харьяат аймгийн алдарт уяач С.Дамбажавын зээрд халзан, дөрөвт Хөвсгөл аймийн цэцэрлэг сумын уяач Л.Мөнхбаатарын Оч бор, Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Гантөмөрийн хонгор тус тус хурдаллаа.

Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулахын тулд уралдааны замыг хэд хэдэн удаа засч, янзлан стандарт шаардлагад нийцүүлснээс гадна уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарсан гэдгийг Монголын морин спорт, уяачдын холбооноос мэдээлэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ