Леонардо Ди Каприо анхны “Оскар”-аа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-29 13:57:11

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Америкийн Лос-Анжелес хотноо кино урлагийн хамгийн нэр хүнд бүхий "Оскар" шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслол болж өнгөрлөө. "Hollywood and Highland Center" цогцолбор гурван цаг гаруй дэлхийн үзэгчдийн анхаарлын төвд байлаа. Уг цогцолборын "Dolby" театрт алтан баримлын эздийг тодруулсан юм. 

Энэ жилийн гол үйл явдал "Шилдэг эрэгтэй дүр"-ийн шагналтай холбоотой байлаа. Жүжигчин Леонардо Ди Каприо уг шагналд зургаан удаа нэр дэвшсний эцэст найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн “The Revenant” кинонд бүтээсэн анчин Хью Глассын дүрээрээ анх удаа “Оскар” шагналыг хүртлээ.

Мексикийн кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту "Шилдэг найруулагч"-ийн шагналыг хоёр дахь жилдээ хүртэв. Өнгөрсөн жил Иньярриту “Birdman” киногоороо шилдэг найруулагч болсон юм. Энэ кино нь мөн 2014 оны шилдэг киноны төрөлд “Оскар” хүртжээ.

Энэ жил “The Revenant” “Оскар”-т нэр дэвшсэн тоогоор тэргүүлсэн байна.

Шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд Ирландын кино найруулагч Леонарда Абрахамсоны бүтээсэн “Өрөө” /Room/ киноны гол дүрд тоглосон Бри Ларсон “Оскар”-ын эзэн болжээ.

Өдгөө 26 настай Ларсоны хувьд энэ нь түүний анхны “Оскар” юм. Тэрбээр “Өрөө” кинонд бүтээсэн дүрээрээ урьд нь “Алтан бөмбөрцөг” болон Британийн кино академи, телевизийн урлагийн /БАФТА/ шагналыг хүртжээ.

"Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналын төлөө түүнтэй хамт Кейт Бланшет /"Кэрол", Carol/, Женнифер Лоуренс ("Жой", Joy), Сирша Ронан /"Бруклин", Brooklyn”/, Шарлотта Рэмплинг /"45 лет", 45 Years/ нар өрсөлдсөн байна.

Шилдэг киноны төрөлд “Оскар”-ын шагналыг найруулагч Том Маккартигийн бүтээсэн “Анхаарлын төвд” /Spotlight/ кино хүртлээ.

Энэ кино нь насанд хүрээгүй хүүхдийг секст уруу татдаг үнэн алдартны шашны лам нарын хамгийн том бүлгүүдийн нэгийнх тухай дэлгэсэн Америкийн “The Boston Globe” сонины сэтгүүлчийн тухай аж. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд жүжигчин Лив Шрайбер, Майкл Китон, Рейчел Макадамс, Марк Руффало нар тогложээ.

Харин гадаад хэлээрх шилдэг киноны шагналыг Унгарын кино “Саулын хүү” /Son of Saul/ хүртсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ