Tонн нүүрсийг 49500 төгрөгөөр худалдаалах боломжийг бүрдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-07 14:03:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул болон Орхон аймгийн 20 гаруй сумыг нүүрсээр хангадаг “Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж жижиглэн буюу айл өрхүүдэд худалдаалах нүүрсний үнийг 40 орчим хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Шийдвэрийг 2018 оны есдүгээр сарын 24-нөөс мөрдөнө.

Өнгөрсөн жил  тонн нүүрсийг 88000 төгрөгөөр худалдаалдаг байсан бол энэ жил “Шарын гол” ХК-ийн уурхайн амнаас иргэнд нэг тонн нүүрсийг НӨАТ тооцохгүйгээр 49500 төгрөгөөр, НӨАТ-тай 54500 төгрөгөөр худалдан авах боломжийг бүрдүүлжээ.

Сумдын уурын зуухууд долоо хоног бүрийн даваа, мягмар гаригт “Шарын гол” ХК-ийн уурхайгаас нүүрсээ бэлтгэдэг тул иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд лхагва, пүрэв, баасан гаригт иргэдэд нүүрсээ борлуулах хуваарь гаргасан байна.

Энэ хуваарийн дагуу иргэд ахуйн зориулалттай нүүрсийг уурхайн аман дээрээс худалдан авна. Ингэснээр хүмүүсийн хэлж заншсанаар ченжийн гар дамжихгүй, хямдралтай үнээр аваад зогсохгүй газар дээр нь гологдол чулуу зэргийг ялгуулж, чанартай нүүрс авах боломжтой гэж “Шарын гол” ХК-ийн Ерөнхий инженер Ж.Эрдэнэбат хэлэв.

Энэ жил Шарын голын уурхай нэг сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 110 гаруй хувьтай байгааг уурхайн удирдлагууд онцолсон. Дархан-Уул аймгийн тухайд гэр хорооллын нийт айл өрхийн жилийн нүүрсний хэрэглээ 10 гаруй мянган тонн орчим байдаг судалгааг "Шарын гол" ХК-иас гаргаж байжээ.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ