ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-09 14:51:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 55 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.

Монгол Улсыг төлөөлж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс нар 55 сая еврогийн төсөл, хөтөлбөрийн хэлэлцээрт гарын үсэг зурав.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хэлэхдээ, “Монгол ХБНГУ-тай 25 жилийн хугацаанд хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хоёр жил тутамд төсөл хөтөлбөрийн  хэлэлцээрийг талууд шинэчилдэг. Энэ жилийн хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар боллоо. Хэлэлцээрийн үр дүнд  эрчим хүч, уул уурхай боловсрол зэрэг салбарт  буцалтгүй тусламж олгохоор төлөвлөөд байна” гэв.

ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс ярихдаа, “Монгол Улсад нэн тэргүүний шаардлагатай төслүүдэд санхүүжилт олгохоор шийвэрлэсэн. Боловсролын салбарт 8 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт олгохоор тохиролцлоо. Мөн Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургуульд технологи, санхүүгийн чиглэлд хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улсын тусгай хамгаалалтай газруудыг хамгаалах, тэнд амьдарч буй орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, Улаанбаатарын гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн байгууламжийг дулаалахад хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад мөнгө төсөвлөсөн бөгөөд ингэснээр хүүхдүүд дулаан, цэвэр орчинд сурах боломж бүрдэнэ” хэмээв.

ХБНГУ хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад 1990 оноос эхлэн буцалтгүй тусламж олгож буй бөгөөд нийт 400 сая еврогийн  хөрөнгө оруулжээ. 

Холбоотой мэдээ