“Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр”-ийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-10 14:45:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байна. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол иргэн байхгүй аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол иргэд Вьетнам улсыг зорих нь нэмэгдэж байгаа тул ирээдүйд үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор дээрх хэлэлцээрийг байгуулж байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Мөн тэрбээр, “Монгол Улс энэ төрлийг гэрээ, хэлэлцээрийг аль болох олон оронтой байгуулах шаардлагатай байна. Учир нь Монгол Улсын иргэд гадаадад хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна” хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Б.Бат-Эрдэнэ гишүүн Монгол Улс хэдэн оронтой энэ төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулсныг тодрууллаа. Монгол Улс Ялтан шилжүүлэх гэрээ, хэлэлцээрийг нийт 9 оронтой байгуулсан байна. Ойрын хугацаанд Макао, БНКазУ, Беларусь улстай гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа хэмээн ХЗДХ-ийн сайд хариулав.

Мөн үеэр Б.Энх-Амгалан гишүүн, “Монголчууд гадны иргэдтэй гэр бүл болох тохиолдол олон. Ингэхдээ тухайн орныхоо хууль, ёс заншлыг мэдэхгүйн улмаас гэмт хэрэгт холбогдох тохиолдол бий. Тиймээс гадны иргэдтэй гэр бүл болсон иргэдийг эрхийг хамгаалахад мөн анхаарах хэрэгтэй” гэсэн санал хэллээ

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь хэлэлцээрийн төслийг дэмжлээ.

Холбоотой мэдээ