С.Макинтош усан спортын ДАШТ-ээс дөрвөн алтан медаль хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-04 16:08:17

СИНГАПУР, 2025 оны наймдугаар сарын 4 /Reuters/. Канадын усанд сэлэлтийн тамирчин Саммер Макинтош ням гарагт 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд алтан медалийн эзэн болсноор Сингапурт болсон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ дөрвөн медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлжээ. 


Харин эмэгтэйчүүдийн 4х100 м-ийн холимог буухиа төрөлд АНУ-ын баг дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож алтан медалийн болзол хангажээ. Ингэснээр Америкийн баг тамирчид есөн алтан медальтайгаар ДАШТ-ий медалийн чансааг тэргүүлсэн бол Австралийн тамирчид нэг алтан медалийн зөрүүгээр удаалсан байна.


Түүнчлэн Францын баг гуравдугаарт, Канадын баг дөрөвдүгээрт тус тус шалгарснаас 18 настай С.Макинтош багийнхаа хүртсэн бүх дөрвөн алтан медалийг эх орондоо авчирчээ. Мөн тэрбээр дэлхийн аваргаас ганцаарчилсан төрөлд 5 медаль хүртсэн Майкл Фелпс (2007), Сара Сжостром (2019) нарын эгнээнд нэгдсэн гурав дахь усанд сэлэлтийн тамирчин боллоо.


Дэлхийн дээд амжилтын эзэн С.Макинтош 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд 4:25.78 минутад барианд орсноор хоёул мөнгөн медаль хүртсэн Австралийн Женна Форрестер, Японы Мио Нарита нараас долоон секундээр илүүрхжээ. С.Макинтош энэ удаагийн ДАШТ-ий 200 м-ийн холимог сэлэлт, 200 м-ийн эрвээхэй сэлэлт, 400 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.


Тэмцээний сүүлчийн өдөр Францын тамирчин, Олимпын аварга Л.Маршан эрэгтэйчүүдийн 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд түрүүлснээр Сингапурын ДАШТ-ээс хоёр дахь алтан медалиа хүртсэн байна. Тэрбээр 4 минут 4.73 секундэд барианд орсон бол Японы тамирчин Томоюки Мацүшита /4:08.32/, Оросын Илья Бородин /4:09.16/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. 

Холбоотой мэдээ