Хүүхдийн мөнгөнд 13-27 тэрбум төгрөг нэмж зарцуулах тооцоо гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг дэмжье гэсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн 60.8 хувь нь дэмжиж, Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тавьсан юм. Тэрээр хэлэхдээ, "Монгол Улсын 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэсэн зорилтыг тусгасан. Энэ хүрээнд нийт хүүхдийн 80 хувьд нь буюу 912 мянган хүүхдэд 205 тэрбум төгрөг олгож байна. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ялгаварлан олгож буй нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалт, мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм. Иймд хүсэлт гаргасан хүүхэд бүрт уг мөнгийг олгох саналтай байна. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь нь хүсэлт гаргана гэсэн тооцоо хийжээ. Өмнө нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад 10 гаруй хувь нь огт авдаггүй гэсэн судалгаа гарсан. Тиймээс 85-90 хувьд нь олгоход шинээр 100 орчим мянган хүүхэд нэмэгдэнэ. Ингэснээр хүүхдийн мөнгөнд 13-27 тэрбум төгрөг нэмж зарцуулна гэсэн үг" гэв.
Үүний дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал асуултаар хуралдаан үргэлжилсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нэлэнхүйд нь хавтгайруулах бус авах хэрэгцээтэй хүүхдэд өгөх нь зөв. Өнгөрсөн хугацаанд АН, МАН манайх 80 хувьд нь танайх 100 хувьд нь хэмээн улс төржсөөр ирсэн. Нэг хэсэг нь хүн амын өсөлтөд хүүхдийн мөнгө нөлөөлж байгаа гэдэг. Хүнээ ажил, орлоготой болгох замаар хүн амаа өсгөх үү, эсхүл 20 мянган төгрөг өгөөд хүн амын тоонд нөлөөлөх үү гэдэг бол том асуудал. Сүүлийн 13 жил тэтгэмж өглөө. Ингэснээр Монгол Улсын ядуурал буурсан уу үгүй. Өнөөдөр хүн амын 40 хувь нь ядуу байна. Хэрэв хүүхдийн мөнгийг бодит үйлдвэрлэлийн салбарт оруулсан бол аймагт бүрт 4 тэрбум төгрөгийн хоёр үйлдвэр барих байв. Ингэснээр 10 мянган өрх ажлын байртай болох байлаа. Гэтэл бид үүнийг хийж чадсангүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үйлдвэрүүдээ хөгжүүлэх, ажлын байр нэмэх, төсвийн орлого нэмэгдүүлэх бодлого нь нийгмийн халамжийн бодлоготойгоо уялдаж явах ёстой. 650 тэрбум төгрөгийг нийгмийн хамгааллын салбарт зарцуулж байгаа бөгөөд үүнээс нэг сая иргэн хувь хүртэж буй юм. Ядуурлаас гарахгүй байна гэдэг нь нийгмийн халамжийн бодлогодоо анхаарах ёстой гэдгийг хэлээд байгаа хэрэг. 650-200 тэрбум нь хүүхдэд зарцуулагдаж байна. Хүүхдийн мөнгийг халамжийн гэхээс илүү хүн амаа өсгөх бодлого гэж харах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгох шийдвэр гаргахад С.Бямбацогт гишүүн Засгийн газрын гишүүн байсан. ОУВС-тай хамтрах шийдвэрийг тэр үед гаргаж ард түмэндээ үнэнээ хэлж хийсэн ажил. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгнө гэж хавар шийдвэр гаргаж төсөвт хөрөнгийг нь суулгасан. Гэтэл одоо 80 хувьд нь олгоно гэж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Аливаад ул суурьтай хандмаар байна шүү нөхөдөө. Сайд болохоороо зовлон ярьдаг атлаа сайдаасаа буухаар өөр зүйл хэлдэг төрийн түшээ байдаг юм уу. Тэгээд тэр 13 тэрбум төгрөгийг хаанаас олох юм бэ. Ямар ч тооцоо судалгаагүй зүйл оруулж ирж болохгүй шүү" гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хоёр нүүр гаргаад байгаа зүйл огт алга. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байсан. Хүүхдийн мөнгө олгоно гэдэг бол МАН-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан асууал. Бүх зүйлийг тооцоо судалгаатай хийж байгаа. Хүүхдийн мөнгийг 80-85 хувьд олгоход 13 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Хүсэлт гаргаад ирэхээр ийм хэмжээний мөнгө гарахгүй ч байж магад" хэмээв.