Ардын журамт 400 цэргийн 311 нь Сэлэнгийн иргэд байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 17:39:12

Бидний өвөг дээдэс Үндэсний ардчилсан хувьсгалыг хийхдээ Сэлэнгэ нутгийг сонгосон нь ихээхэн утга учиртай байжээ.

Тухайлбал тухайн үеийн Сэлэнгэ нутаг нь Орос улстай хил залгаа, олон улсын боомт төдийгүй алдартай “Цайны зам” Сэлэнгээр дайран гардаг байв. Мөн одоогийн Алтанбулаг тэр үеийн Өвөр хиагт буюу “Маймаачин” хотод Хятадаас ирсэн жин бараа төвлөрч Хиагтаар дамжин Европт гардаг байж. Нөгөө талаас ардчилсан хувьсгал хийхийн тулд хил орчмын нутгуудаас зэвсэг авах боломжтой байсан байна.

Мөн хойд хилийн төв хэсэгт жил бүр эв мод нийлүүлдэг наадам хийх ёс үйлддэг нь хэзээнээсээ орос, монгол улсын ард түмний хооронд харьцаатай байсан төдийгүй хоёр талд өвөл, зуны цагт харилцан мал идээгээ хариулж малладаг байсан байна. Түүнчлэн монголын хойд хил орчимд харуулын алба ажиллаж, Орос, халхын цэргийн харуулуудаас гадна Архангай, Говь-Алтай, Өмнөговь аймгуудаас хүмүүс ирж харуулын алба хашиж, хил хамгаалах мэргэшсэн цэрэг болж байсан байна. Иймээс Монголын хувьсгалчид өвөр Хиагтыг Монголын ардын хувьсгалын түшиц газар болгох зорилго тавьж байжээ.

Түүгээр үл барам 1920 оны сүүл 1921 оны эхээр ардын журамт цэрэг бүрэлдэж Ардын хувьсгал хийх нөхцөл бүрдсэн байна. Тухайн үед одоогийн Түшиг сум тэр үеийн Зэлтэрт Их жанжин Д.Сүхбаатар очиж цэргээ бүрдүүлж байсан аж. Тэр үед ардын журамт цэргүүдийг Хүдэр, Уялага, Чагтай, Хяраан харуулуудаас бүрдүүлж байсан байна. Ингээд ардын журамт цэргийг алдарт Ханын хөндий, Номт, Үхэрч зэрэг газруудад төвлөрүүлэн цуглуулж байгаад их хувьсгалын анхны буун дууг Сэлэнэ нутагт дуугарган өнөөгийн энэ эрх чөлөөт амьдралыг өвөг дээдэс минь хойч үе бидэндээ үлдээсэн байна.

Улс төрийн анхны байгууллага Сэлэнгэ нутагт төржээ

Ардын түр засгийн газрын бүрэлдэхүүний 51 хувь нь Сэлэнгэ нутгийхан байжээ.

1921 оны 3-р сарын 1-нд улс төрийн ууган хүчин нам хэмээх байгууллага “Ардын нам” нэртэйгээр Сэлэнгэ нутагт байгуулагджээ. Ардын хувьсгал ялсны дараа их жанжин Д.Сүхбаатар “Ардын нам” хэмээх улс төрийн байгууллагыг байгуулсан байна. Тухайн үед улс төрийн нөхцөл байдлын улмаас ОХУ-ын Хиагт хотод 1921 оны 3-р сарын 1-ний өдөр ардын намынхан анхдугаар хурлаа хийжээ. Энд 50 гаруй хүн оролцсон бөгөөд 28 нь Сэлэнгэ нутгийнхан байсан байна. Ингээд намынхаа анхдугаар хурлаараа төв хороогоо сонгосон байна. Тэд энэхүү хурлаа хязгаар нутгийн ардын төлөөлөгчдийн зөвлөгөөн гэж нэрлэсэн аж.

Ардын түр засгийн газар Сэлэнгэд байгуулагдлаа

Алтанбулагт ардын намынхны хийсэн хамгийн том ажил бол Алтанбулагийн хязгаарын сайдын яамыг байгуулсан явдал юм.

Энэхүү яамны сайдаар анх удаа Гүнбилэг гэдэг хүн томилогдож байсан аж. Эл яамны эрхшээсэн нутаг нь Уялгаас “Ингэт толгой”-н САА хүртэл байсан байна.  

Ардын журамт цэргийн 311 нь Сэлэнгийн иргэд байв

Ардын хувьсгалын ялалтыг авчирсан ардын журамт цэрэг 400 байсан байна. Тэдгээрийн 311 нь Сэлэнгийн иргэд байжээ.

Ардын хувьсгалын ялалтын буун дуу гарахаас өмнө буюу 1921.3.17-ны өдөр өвөр Хиагт буюу Алтанбулагт Хятад цэргийн 25-р морин дивизийн штаб 500 хүнтэй морьт хороо, 40 хүн бүхий хотын коммендант, Улаанбургасанд 600 хүнтэй 1, 2-р морьт хороо, Эвцэг ба Хиагтын хооронд 300 хүнтэй 4-р хороо, Эвцэгт 500 хүнтэй 3-р морьт хороо буюу 1940 цэрэг, 12 пулёмонт, 7 их буу байсан байна. Хятад цэргийн энэ их хүчний эсрэг монголын 400 орчим хүнтэй, 2 их буу, 4-5 пулёмонт болон буудлагын бусад зэвсгээр зэвсэглэсэн ардын журамт цэргийн ангиуд сөрөн зогсож байжээ. Үүнийг түүхчид судлаад хиагтын байлдааны өмнөх монгол, хятад цэргийн тоо 1х4.8, их буу 1х3.5, пулёмонт 1х2.4 харьцатай байжээ хэмээн “монгол цэргийн түүхийн товчоон” номонд бичсэн байна. Эрх чөлөө тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа бидэнд авчирч өгсөн өвгөд дээдэс маань Эх орноо харийн дайснаас чөлөөлж, харийн ноёрхлыг устгах, үндэсний эрх чөлөөг олж авах чин зорилгын дор нэгдэн тэмцэж байжээ. Ардын хувьсгалын ялалтыг авчирсан ардын журамт цэрэг 400 байсны 311 нь Сэлэнгийн иргэд байсан байна.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ