Дуучин Ж.Алтанцэцэг тоглолтынхоо орлогыг "Нарны охид" төсөлд хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуныхаа орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав.
Тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman” академи хамтран зохион байгуулсан бөгөөд тус академийн загвар өмсөгч охид дуучин Ж.Алтанцэцэгийн үе үеийн тоглолтуудынх нь хувцсыг өмсөж сонирхуулав.
Дашрамд дурьдахад Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 11-нд тэрбээр “Нарны охид” төслийн хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт охидын танхим нээж тохижуулсан. Уг танхим нь охидод чиглэсэн, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Поп дива Ж.Алтанцэцэг “Нью Стар” студитай хамтарсан шинэ цомгийн ажилдаа шамдаж байгаа төдийгүй “Чинийхээ хайранд жаргая” дууныхаа клипийг олон нийтэд хүргэв. Тэрээр хамгийн сүүлд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан өнгөрсөн 3 дугаар сарын 8-нд АНУ-ын Лос Анжелес хотод дуучин Баярцэцэгийн хамт тоглолт хийсэн бол ирэх оны мөн өдөр өөрийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ.