Байнгын хороод ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-23 07:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын зургаан байнгын хороо болон нэг дэд хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт эхлэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл, Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Харин 10.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаж, ирэх оны төсвийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээс гадна Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсох аж.

Мөн 11.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэнэ. Байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад ирэх оны төсвийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Түүнчлэн  Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Үдээс хойш буюу 13.00 цагт болох Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар мөн л ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээс гадна Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно.  Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох аж.

Түүнчлэн 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх бол 15.00 цагт болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн хэлэлцээрийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар  хооронд байгуулсан “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээ, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Харин 16.30 цагт Тусгай хяналтын дэд хорооны хуралдана.

Холбоотой мэдээ