Эко нүүрсийг өдөртөө дөрвөөс арван тонн борлуулдаг

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-10-23 12:34:24

Ховд/МОНЦАМЭ/. Дөрвөн жилийн өмнөөс Ховд аймгийнхан Хөшөөтийн нүүрсний нунтаг хог хаягдлыг шахмал түлш болгон ашигладаг болсон. Түлэх нүүрсээ бэлтгэх ажлыг хөнгөвчилж, хүний хэрэглээнд бүрэн нийцүүлсэн бөөрөнхий нүүрсийг “Номин шилтгээн констракшн ХХК” үйлдвэрлэж байна.

Уг нүүрсний  эрэлт, хэрэглээний талаар үйлдвэрийн менежер Б.Чимэдцэрэнгээс тодрууллаа. Манай үйлдвэр өдөрт 35-70 орчим тонн нүүрс үйлдвэрлэдэг. Үндсэн арван ажилчинтай бөгөөд 30-50 хүн тогтмол цагаар ажилладаг. Нүүрсний түүхий эдэд нэмүү өртөг шингээж Ховдынхоо ард иргэдийг ажлын байраар хангаж байна. Энэ жилээс үйлчлүүлэгчдийн тоо ч нэмэгдэж байна.

Өдөрт 4-10 тонн нүүрс борлуулдаг. Бөөрөнхий нүүрс нь хоёр давхар цэцэрлэг, дэлгүүр, том хэмжээтэй байшинд тохирдог. Найрлагад нь нунтаг нүүрс, хэлбэржүүлэгч, таван хувийн ус орно. Нэг тонн нүүрс авлаа гэхэд хоёр гурван зуун кг-ийг нь хаягдал болгоод ачуулдаг. Манай бүтээгдэхүүнээс нэг ч кг хог хаягдал гарахгүй.Уутаа эргүүлээд худалдаж авна гэлээ.

 Ард иргэд тус компанийн нүүрсний  чанарыг аль хэдийн мэддэг болсон төдийгүй эко нүүрс, шахмал түлш, бөөрөнхий нүүрс, өндгөн нүүрс хэмээн нэрлэдэг. Тус компанид 10 гаруй  шат дамжлагатай үйлдвэрлэгддэг энэхүү түлш нь MNS 5679 кодтой тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Гурван төрлийн лабораторид өгсөн шинжилгээгээр уг нүүрсний кило калори нь 6880-8000 тай гарчээ. Монгол Улсын шахмал түлшний стандарт 3200-5000 ккл байдаг бол Ховд  аймагт үйлдвэрлэж буй эко  нүүрсний илчлэг дулаан чанар нь бусдаасаа харьцангуй давуу юм.

                                                                                                                                                           А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ