Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-24 16:19:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар товч мэдээлэл өглөө.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, УИХ, Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг н ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг Д.Лүндээжанцан гишүүн онцлов.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын  хэсэг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгуулагууд, эрдэмтэн судлаачдыг  оролцуулан хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа хийлээ. Энэ хүрээнд нийт 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулаад байна. Үүнд УИХ болон гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх, шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах, төрийн албыг улс төрөөс хараат бус төрийн албыг бэхжүүлэх, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн үзэл санааг тусгасан. Энэхүү төслийг УИХ-ын нэр бүхий 67 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурлаа. Одоогоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг авахаар боловсруулсан хуулийн төслөө илгээсэн. Дээрх албан тушаалтан, байгууллагуудаас ирүүлсэн саналыг нягтлан үзээд, өргөн барих юм” гэлээ.

УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийг тус тусдаа бие даасан хуультай байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Д.Лүндээжанцан гишүүн хэллээ. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дээрх гурван хуулийн төслийг боловсруулж, улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагын саналыг авахаар хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар 8 төрийн байгууллага, 8 улс төрийн нам, 2 төрийн бус байгууллагаас холбогдох саналаа ирүүлжээ.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ