Согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдэд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-29 11:45:16

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын А\626 дугаар захирамжийн дагуу “Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа болон сум орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад хяналт тавих, үнэлгээ өгөх”  ажлын хэсэг  10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд сумдад ажиллаж байна.

Тэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 227 дугаар тогтоол, “Архидан согтуурахтай тэмцэх” тухай хууль, Согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд хяналт тавьж  байгаа ажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын Газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн Газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Жаргалант сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оржээ. Сум орон нутагт согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал хийж, ажилтай нь газар дээр нь танилцаж байна. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг “Худалдааны газар, түүний үйлчилгээ” MNS 5021-2007, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4946-2005, “Худалдааны агуулах, ерөнхий шаардлага” MNS 5364-2011 зэрэг стандартын шаардлагыг аймгийн төвд 90 хувь, суманд 85 хувь хангаж буй эсэхийг шалгав. Мөн Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хяналтын нэгжтэй болсон эсэх, татварын байгууллагад татвараа төлдөг эсэх, Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хуваарийг баримталж ажилладаг эсэх, телекамер байршуулсан байдал, үйлчилгээг тохирлын үнэлгээнд хамруулж, баталгаажуулсан байдал, кассын машинтай эсэхийг тодруулан үнэлгээ хийж байна. Ажлын нэгдсэн дүн мэдээллийг 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулан, хэлэлцэх юм.

                                                                                                          А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ