Хүүхдийн шүдийг цоорлоос хамгаалах "Сийлант" төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 16:14:21

Увс аймгийн Засаг даргын санаачлагаар "Амны хөндийн эрүүл мэнд” төсөлт аяныг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ аяны хүрээнд аймгийн 6-17 насны хүүхдийн шүдний цоорлоос хамгаалах “Сийлант” төсөлт аян хэрэгжиж эхлээд байна.

"Сийлант" гэдэг нь хүүхдийн байнгын араа шүдийг зориулалтын материалаар түрхэж, битүүлж хамгаалах арга юм. Энэ нь эрүүл шүдийг цоорлоос хамгаалах ба өвчтэй шүд бусад шүдэнд нөлөөлөхгүй давуу талтай юм байна. Манайд хэрэглэгдэх Америкийн “Ультрадент” фирмийн түрхлэг нь өндөр технологийн сүүлийн үеийн материал бөгөөд стандартын дагуу хэрэглэвэл 12 жилийн баталгаатай гэнэ.

Өнгөрсөн сарын 25-наас эхлэн тус аймгийн 7 суманд эмч нар томилогдон ажлаа эхэлжээ. Эхний сум болох Түргэн суманд дунд сургууль, цэцэрлэгийн болон сургууль завсардсан нийт 222 хүүхдэд түрхлэг хийх юм. Мэргэжлийн эмч нар “Сийлант” түрхлэгийг хэрхэн стандартын дагуу хийж гүйцэтгэх талаар сумын эмч нарт зөвлөмж өгч ажиллах юм. 

Б.Батхүү

Холбоотой мэдээ