Нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-30 13:46:36

Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоол, Аймгийн засаг даргын А/404 тоот захирамжийн дагуу Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжийг гаргажээ.

Тус аймгийн сумдын баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээрийн ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж, зураглалыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд боловсруулжээ.

Ховд аймгийн хэмжээгээр авч үзвэл зуншлагын байдал энэ оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг байсан байна. Энэ жилийн зуншлага 7 дугаар сарын 2 дугаар арав хоногоос сайжирч, 07-р сарын  31 гэхэд нутгийн 50 хувьд сайн, 50 гаруй хувьд дунд  үнэлгээтэй байв.                                                                                                           

Ховд аймгийн хөдөөгийн 79 багийн нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар авч үзвэл  10 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 19 хувь нь бэлчээр хүрэлцээтэй,  26 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн. Харин 26 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 21 хувь нь даац олон дахин хэтэрсэн үзүүлэлт гарчээ.                                

Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 70 орчим хувь нь 1-3, 3-5 буюу олон дахин хэтэрсэн учир  өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээргүй байгааг харуулжээ. Иймд өөр нутагт отор нүүдэл хийх, хадлан, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг  дээр судалгаа харуулж байна.                                                         

                                                                                                                                                        

Холбоотой мэдээ