Ховд аймгийн музей ховор олдвор хадгалах боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-13 14:25:11

Ховд/МОНЦАМЭ/  Ховд аймгийн музейн барилга олон жил болсон чанарын шаардлага бүрэн хангахгүй болсон тул  үнэт, нэн ховор эд зүйлсийг хадгалах боломжгүй болжээ.

Тус  музейн одоо ашиглаж байгаа хоёр давхар барилгыг 1964 онд коммунист субботник хийдэг байх үед 14 хоногийн дотор  аймгийн хөдөлмөрч ард түмний хүчээр барьж байгуулсан түүхтэй юм. 

Анх 1950 онд орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан бол 1967 онд орон нутаг судлах музей, 1991 онд аймгийн музей болон өргөжсөн байна. 70 жилийн түүхтэй тус музейд 1003 дэсийн 3129 үзмэр хадгалагддаг байна. Ховд аймгийн музей нь Баруун Монголын түүх соёл олон угсаатны бүлгүүдийн өвөрмөц ёс заншил, оюуны соёлыг олон нийтэд үзүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг соёлын томоохон төв юм.

Гэвч ховор нандин үзмэрүүдээ хадгалах нөхцөлгүй зарим үзмэрээ өөр газар  хадгалах болжээ.

Тухайлбал: Ховд аймгийн Мөнхайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газар 2016 оны 04 сард археологийн арван хамгаалах малтлага хийж хийж, Х зууны үед холбогдох иж бүрэн хувцастай эмэгтэй хүний шарил бүрэн тоног хэрэгсэлтэй морь дагалдуулсан хадны оршуулгыг малтан шинжилж олжээ. Эдгээр олдворын хамаарах он цагийг хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлсээр нь харьцуулсан судалгаагаар 1000 гаруй жилийн өмнөх үеийнх гэж тогтоосон байна.  Тус олдворыг 2016-2017 онд үндэсний соёлын төвд сэргээн засварлаж одоо тэнд нь хадгалж байгаа ажээ.


Музей XII-XX зууны үеийн Ховд хот, Угсаатны соёл, Буддын шашин, Ерөнхийлөгчийн танхим, Алдартны танхим, Байгаль газарзүй, Эртний түүх, Бахархлын танхим гэсэн хэсгүүдтэй. Музейн сан хөмрөгт 1003 дэсийн 3129 үзмэр хадгалагдаж, байгаагаас үзүүллэгийн 9 танхимд 750 гаруй үзмэр дэлгэгдэн нийтийн хүртээл болж байна. Мөн музейн харьяа өв соёлын хүрээлэнг  2011 онд байгуулж, олон угсаатны бүлгийн ёс заншил, түүх соёлын онцлогийг харуулсан гэр музейг олон нийтэд дэлгэн харуулдаг байна.

 

Ховд аймгийн Музейн хамт олон болон аймаг орон нутгаас соёлын үнэт зүйлс, үзмэрүүдийг иргэдэд сурталчлах, таниулах, судлахад анхааран ажиллаж байгаа нь жилээс жилд үзэгч, сонирхогчдын тоог нэмэгдүүлж байгаа юм. Музейн үзмэрүүдийг жилд 4000-6000 хүн үзэж сонирхдог гэсэн тоо байдаг байна.


  

Холбоотой мэдээ