Дархан-Уул аймаг туслах аж ахуй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-11-14 11:55:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/Дархан-Уул аймгийн малчдын зөвлөлгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Зөвлөлгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шинээр хэрэгжүүлж байгаа “Малын генетик нөөцийн тухай”, “Ноолуур”, “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Үйлдвэржилт 21-100” зэрэг хууль, хөтөлбөрийг танилцууллаа. 

Тус зөвлөлгөөнд 300 гаруй малчин оролцож мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, малын тоо, толгойг бэлчээрийн даацтай уялдуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, малчдын амьжиргааг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон хэлэлцжээ.

Малчдын санал санаачилгыг үндэслэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн чиглэлийн зургаан заалтыг тусган оруулж, “Туслах аж ахуйн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумдыг “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хосолсон бүс” нутаг болгосон. Үүнтэй холбогдуулан энэ өдрийн зөвлөлгөөний үр дүнд цаашид газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх ажлыг үе шаттай явуулах, Шилмэл малын үзэсгэлэн худалдааг бүс нутгийн хэмжээнд явуулах, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран туслах аж ахуйг хөгжүүлэх, аймаг сумдын мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл малыг өсгөн үржүүлэх, мал эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулах зэрэг олон ажлуудыг үе шаттайгаар хийхээр боллоо.

Ийнхүү мал аж ахуй, газар тариалан түшиглэн эдийн засгийг хөдөлгөгч хүчийг бий болгодог манай улсын хувьд сум, аймаг улсын хэмжээнд тэдгээрт чиглэгдсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ удаад Дарханчууд өвлийг өнөтэй давах, малчдын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулахын зэрэгцээ тулгамдсан асуудлыг сонсч шийдвэрлэх, дараа дараагийн жилүүдэд шат дараатай арга хэмжээ авахаар боллоо. Аймгийн Засаг дарга С.Насанбат зөвлөлгөөний үеэр малчиддаа хандан хэлэхдээ, Малч хүний холч ухаанаар хандаж төрөөс баримталж буй шийдвэрт хүндэтгэлтэй хандах, тулгамдсан асуудлаа төр захиргааны байгуулгад уламжлах, газар тариалангийн бүс нутгаар сонгогдсон аймгийн иргэд гэдгээ ухаарч ойлгож маргаан бус эв зүйгээр аливаад ул суурьтай хандах, малын гаралтай бүтээгдэхүүндээ малчид өөрсдөө эхлээд хяналт тавьж эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх, жилийн дөрвөн улиралын аль ч цаг үед хамтын уялдаа холбоогоо таслахгүй байхыг хичээх, эрүүл мэнд, нийгмийн даатгалдаа хамрагдаж байхыг хүсэхийн зэрэгцээ аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтөд хувь оруулж байдаг та бүгдээрээ бахархаж байгааг уламжилсан юм.

Дашрамд Дархан-Уул аймгийн хэмжээнд 4 сумын 1371 малчин өрх, 2531 малтай өрхөд нийт 310.9 мянган толгой мал 2017 оны жилийн эцсээр тоологдсон нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 4.3 хувиар буюу 14 мянган толгой малаар буурсан үзүүлэлтэй байна.

 

 


Холбоотой мэдээ