Парламент төлөөллийн дээд байгууллага болохоос төрийн эрх барих дээд байгууллага биш

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2018-11-19 15:57:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд ардчилсан, хууль ёсыг сахиулахад сонгуулийн будлиан, төр, засгийн тогтворгүй байдал, шүүхийн хараат бус байдал саад болж сөргөөр нөлөөлсөөр ирсэн”-ийг өнөөдөр болсон “Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтын талаарх судалгаа"-ны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах уулзалт дээр хөндөж байв.

 

Дэлхий дахины улстөрийн түүх, сургамжаас харахад улстөрийн байгууллагууд буюу төрийн институциудад гарч буй сөрөг үзэгдлүүдийн шалтгаан нь тогтолцооны шинжтэй байдаг боловч нэлээд хувь нь мөн соёлын шинжтэй байдаг бөгөөд ийм байдал Монголд байгааг үгүйсгэж болохгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байв. Тогтолцооны шинжтэй шалтгааныг Үндсэн хууль, бусад хуульд засвар оруулснаар шийдэж болдог ч энэ засвар нь нөгөө соёлын хомсдолыг нөхөж чадах уу гэдэг асуудлыг анхаарах ёстой үлдэж байна гэв.

Судалгааны төслийн удирдагч, доктор, профессор Ц.Ганболд хэлэхдээ, “Судлаачдын ихэнх нь Монголд парламентын засаглалыг бэхжүүлэх санал зөвлөмж өгсөн. Герман улсад 1949 оноос хойш 4 канцлер 12-13 жил ажиллаж, Засгийн газар нь 8 удаа л солигдсон байхад манайд Засгийн газар 2000 оноос хойш 10 гаруй удаа солигдож, бүрэн эрхийн хугацаа дунджаар 1.8 сар байв. Монголын өнөөгийн байдал Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентын засаглал давамгайлсан эсвэл холимог ч юм шиг саармаг шинжтэй байгааг нэг талд нь гаргах хэрэгтэй"-г зөвлөж байна” гэлээ. “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэсэн Үндсэн хуулийн заалтын улс төр-эрх мэдлийн хэрэгжилтийн шинжилгээ сэдвээр судалгаа хийсэн доктор П.Амаржаргал Үндсэн хуулийн 20-р зүйлийг өөрчлөх ёстой гэж үзэж байв. Тэрээр “Төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу ерөөс төрийн эрх барих дээд байгууллага гэж байхгүй. Эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй байх үүднээс өөр өөрсдийн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулна гэж байгаа юм. УИХ-ын чиг үүрэг нь дэлхий нийтийн жишгээр төлөөллийн хууль тогтоодог, хяналт тавьдаг байгууллага гэж явах ёстой. Манайд энэ чиг үүрэг тогтвортой биш учраас парламентын нэр хүнд уналттай байна. Үндсэн хуульд заасан эрх мэдэл, хуваарилалтыг тодорхой болгох шаардлагатай байна. Парламент төлөөллийн дээд байгууллага, гэтэл манайх төрийн эрх барих дээд байгууллага гээд байгаа юм. Гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой байлгах хэрэгтэй байна. Чиг үүргүүдийг тодорхой болговол маргааны асуудал байхгүй” гэж байв.


Төслийн зөвлөхөөр ажилласан БСШУСЯ-ны сайд асан, доктор, профессор А.Цанжид, “Энэ удаагийн төсөл манай нийгэмд буруу гэж ярьж буй зүйлсийг баримтаар нотолсноор үр дүнтэй боллоо. Засгийн газрын тогтворгүй байдлын шалтгаан нь Засгийн газрыг огцруулах заалтууд сул байгаа тул үүнийг ашиглан гол төлөв сонирхлын бүлгүүдийн зөрчлөөс амархан огцруулж байна гэсэн үр дүн гарсан. Давхар дээл”-ийн асуудал нь дэлхий дахинд байдаг хэдий ч тухайн улсын нөхцлөөс хамаараад байх, үгүйг судлах ёстой.

Манай судлаачдын гаргаснаар давхар дээлтэй байх нь их ачаалалтай болгож салбарын ажлаа хийж, бодлого боловсруулах боломжийг хааж, аль алийг нь ор нэр болгож байгаа тул энэ нь тун бага байх буюу бараг хэрэггүй гэсэн дүгнэлтийг гаргасан.


Харин шүүх засаглалын хувьд хараат бус, бие даасан байдал хангалттай бус бөгөөд УИХ хууль гаргахаас эхлээд олон замаар хараат бус байдалд нь халдаж байна. Санхүүжилт бууруулах эсвэл зүйл заалтыг нь хасах гэх мэт байгаагаас хараат бус бие даасан байдлыг хангаж чадахгүй байгаа тул Үндсэн хууль болон бусад хуульд тодорхой заалт оруулах ёстой гэж үзсэн” гэлээ. 

ХБНГУ-ын “Конрад-Аденауэр”-ын сан, МУИС-ын эрдэмтэн судлаачдын хамтран хийсэн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг холбогдох газрууд болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэг, УИХ-ын гишүүд, Засгийн газар, Шүүх засаглалын байгууллагуудад хүргүүлэх юм байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ